Томоохон гол, нуурын мөсний зузаан 45-85 см байна

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-24 14:18:00

Ховд /МОНЦАМЭ/. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.  

Сүүлийн үeд иргэд гол, нуурын мөсөн дээгүүр явж амь, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа аж. Он гарснаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт энэ төрлийн 4 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  

Хамгийн сүүлд буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цаг орчимд Дөргөн сумын Өгөөмөр багийн нутагт Приус 20, Приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан гэх дуудлага мэдээллийг Ховд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Уг дуудлагын дагуу Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж, 10 метрийн гүнээс 2 автомашиныг татан гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тус 2 автомашинд нийт 8 хүн зорчиж явсан бөгөөд хүний амь эрсдээгүй байна.

2022 оны нэгдүгээр сарын 21‑ний өдрийн байдлаар Буянт голын мөсний зузаан 52 см, Булган голын мөсний зузаан 70 см, Ховд голын мөсний зузаан 57 см байна. Мөн Дундцэнхэр голын мөсний зузаан 50 см, Долооннуур голын мөсний зузаан 45 см, Төгрөг голын мөсний зузаан 60 см байгаа юм.

Түүнчлэн Хар ус нуурын мөсний зузаан 85 см, Чоно-Харайх голын мөсний зузаан 53 см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон байна. 

Хэдийгээр зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй. 

Иймээс тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газраас анхаарууллаа.   

Холбоотой мэдээ