Судалгаа: Нэмэлт тунгийн дараа эсрэг биет мэдэгдэхүйц нэмэгджээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-25 14:51:58

ЛОНДОН. /Reuters/. БНХАУ-ын “Sinovac” коронавирусний вакцины 2 тунг хийлгээд нэмэлт тунгаар “Pfizer”, “Johnson & Johnson” эсвэл “Astra Zeneca” вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.


Тодруулбал, Бразил болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар вирус агуулсан болон рибонуклейн хүчлийн /RNA/ вакцин нь коронавирусний эсрэг /дельта, омикрон хувилбарууд багтсан/ сайн үр дүн үзүүлжээ. “Sinovac” вакциныг Бразил, БНХАУ, Аргентин, Өмнөд Африк, Оман, Малайз, Турк зэрэг дэлхийн 50 гаруй оронд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.


Бразилын Сао Пауло болон Салвадор хотын сайн дурын 1240 хүнд хийсэн судалгааны дүнд “Sinovac” вакцины 2 тунгийн дараа дахин нэмэлтээр “Sinovac” вакцин хийлгэх нь эсрэг биетийн түвшинг нэмэгдүүлж байгаа ч нэмэлтээр өөр вакцин хийх нь илүү үр дүнд хүрч байгаа гэсэн дүгнэлт гарсан байна.


Нэмэлт тунг тарихаас өмнө “Sinovac” вакцины 2 тунг хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн түвшин харьцангуй бага байсан буюу 18-60 насны иргэдийн дөнгөж 20.4 хувь, 60-аас дээш насныхны 8.9 хувьд нь эсрэг биет илэрч байжээ. Харин дээр дурдсан өөр төрлийн гурван вакциныг нэмэлтээр хийлгэсний дараа эсрэг биетийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.    

Холбоотой мэдээ