Алтайн урианхайн цагаалах ёс

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-25 18:07:54

Ховд /МОНЦАМЭ/. Монгол түмний их баяр Цагаан сар тун удахгүй болохтой холбогдуулан “Алтайн урианхайн цагаалах ёс”-ны талаар зарим судлаачийн бичсэн тэмдэглэлийг танилцуулж байна.   

Алтайн урианхай ардын цагаалах ёс Монголын бусад олон овогтой адил төстэй боловч өөрийн өвөрмөц онцлог, зан үйлийн эртний уламжлалаа илүү түлхүү хадгалан үлдсэнээрээ ихээхэн сонирхолтой юм.  

Битүүлэг. Монголчууд билгийн улирлын өвлийн сүүл сарын 30-нд хуучин жилээ “битүүлэн” үдэж, шинэ жилээ бэлгэдэн угтах баяр битүүлэх ёслолыг хийдэг билээ. 

Алтайн урианхайчууд ч хийдэг бөгөөд тэгэхдээ битүүний орой гэрийнхээ тотго, хатавчны баруун дээр буюу бүсэнд хэсэг мөс (цас), зүүн талд нэжгээд бургасан саваа хавчуулах ба энэ нь баян Алтайн онгон эзэн “Цастын цагаан өвгөн”-ийг шүтэх үзлээр тайлбарлагдана. Тэдний уламжлалт үзлээр цаст Алтайн эзэн уулын цагаан өвгөн гэж байх агаад тэрээр Алтайг шүтэн амьдрагч ард олны амьдрал ахуй, хувь заяаг тольдон харж, халамж анхаарал тавьж байдаг, тэр хэмжээгээр хүмүүс аз жаргалтай, эрүүл энх, элбэг хангалуун амьдарч чаддаг.

Тийм болохоор “Цастын цагаан өвгөн” жил бүрийн битүүний орой Алтайн их уулнаас буун ирээд тойрон явж, айл айлаар зочлон амьдрал ахуйтай нь танилцдаг хэмээнэ. Ийм учраас энэ өдөр айл бүр Цастын цагаан өвгөнийг цас мөсөн замаар, урт цагаан таягаа тулан залран ирэх зам мөрийг зааж туслан угтан авч, хүндэтгэн зочлох бэлгэдлийн утгыг тэдгээр нь илтгэдэг аж. Түүнийг энэ үдэш юугаар ч гачигдуулж гомдоож болохгүй, харин ч баярлуулахын тулд цай унд, идээ шүүс элбэг дэлбэг бэлтгэж, ахмад буурлуудаасаа эхлэн айл хот, ах дүүсээ ихэд хүндэтгэн дайлах ёстой гэж үздэг. Тэгж гэмээж нь шинэ жилдээ тэр айл “Цагаан өвгөн”-ий ивээлд багтан идэж уух, өмсөх зүүхээр элбэг хангалуун, газар дэлхий, мал сүрэг өнгөтэй тарган, баяр жаргалтай амьдарна хэмээн бэлгэддэг байна.

Харин зүүн талын тотго, хатавчны тэнд үхрийн хөлдүүс (баас), өргөстэй улаан харгана хавчуулна. Энэ нь тэр өдөр хүмүүст гай зовлон тарихаар явж байдаг хорлонт “Чөтгөр шулам”-ыг гэртээ оруулахгүй замыг нь хааж, айлган хөөх, ад хорлолыг нь хариулан буцаах бэлгэдлийн утгатай ажээ. Эдгээр нь эртний монголчуудын байгаль дэлхий, уул усаа амьдчилан шүтэх үзэл, хүн байгалийн харьцаа, зохицон амьдрахуйн уламжлалт сэтгэлгээний илэрхийлэл юм.

Битүүний үдэш айл бүр гол төлөв хүн, малын хөл хүрээгүй уул хаданд ургасан шинэ соргог цагаан өвсөөр гол хийж ороосон зул өргөнө. Ингэхдээ “ам бүл, малынхаа төрлийн тоогоор тэр ч бүү хэл нохойгоо хүртэл ам бүлдээ оролцуулан зул өргөх ёс байсан ажээ.

Битүүлэх ёслолын хүрээнд “Битүүн хагалах” хэмээх өвөрмөц ёс гүйцэтгэнэ. Тэд битүүний орой үхэр буюу хонины атгамал (атгаал) чөмөг чанаж, гэрийн эзэн махнаас гэр хотынхондоо түгээн хүртээж мөлжөөд чөмгийг ташдаг байна. Тэгэхдээ зүүн гартаа чөмөгний яс, баруун гартаа хутгаа бариад битүүлгэд оролцогсдод хандан:

-Хаан, Хаан сонсоо

Хаан, хаан сонсоо

Хатуу жил явнаа

Хөнгөн жил ирнээ

Битүү хагалах уу хэмээхүйд

-Сонслоо

Битүү хагалья гэж цугларагсад өчнө. Үүнийг сонсоод гэрийн эзэн:

Буур жил явлаа

Ботгон жил ирлээ

Даага далантай

Бяруу булчинтай

Төлөг сүүлтэй

Ишиг хэрсэнтэй

Ботго бөхтэй

Тарган сайхан гарлаа

Битүү хагалах уу хэмээгээд мөн хариу сонсоно. Улмаар

Гучин, гучин сонсоо

Үхэр жил гарлаа

Бар жил ирлээ (тухайн жилийн хэлнэ)

Атгаснаан тавьтан

Аньснаан халиатан, атгамал хэмээн өндөр дуугаар хэлээд чөмгийг хутгаараа хуга ташихуйд цугларагсад “Битүүн хагарлаа” хэмээн уухайлан түрлэг өргөж бэлгэшээдэг байна.

Энэ нь нэг талаар тухайн айл гэрт аливаа хорлол, гай зовлон учруулагч чөтгөр шулмасыг гэр өргөөндөө оруулахгүй чөмгийг нь хуга цохин хөөн зайлуулж буй бэлгэдэл утгыг илтгэхээс гадна нөгөө талаар улиран одож буй хуучин жилийн гай барцад, атгаг хорон санаа, аливаа зөрчил маргаан, үл ойлголцол, гомдол тунирхал, нүгэл хилэнц бүхнийг таслан тайлж, дуусгавар болгож буй, шинэ жилээ элдэв хар хорын санаагүй сэтгэл цагаан, санаа өөдрөг, бие тэнэгэр, баяр жаргалтай угтах учиртайг илтгэж буй юм.

Битүүний ташсан чөмгөөс бүх хүмүүст тараан хүртээсний дараа бууз хоол зооглон, идээ ундаа хүртэн, гэгээлэг сайхан үгсийг хэлэлцэн, тоглон наадаж, дуулж хуурдан, биелж хөгжинө. Энэ үдэш хүн бүр цадталаа сайн идэх ёстой.

Учир нь Цагаан өвгөн айл айлаар орж, хүн бүрийг харж байдаг, гар дээрээ өргөж үздэг. Тэгээд хэн нэг нь цадаагүй хөнгөхөн байвал “миний хүүхдүүд, ард олон өлсгөлөн, зүдүү аж төрж байгаа юм байна” гэж бодоод сэтгэл санаа нь зовж, урам алдан уул руугаа буцахад хүрдэг. Тиймээс хүн бүр энэ өдөр түүнийг гомдоохгүй, хишиг буяныг нь сайн хүртэж, идэж уух ёстой гэдэг байна.

Энэ мэт өвөрмөц зан үйл шинийн нэгний цагаалах ёслолын үеэр ч тохиолдоно.

Балинд мөргөх: Алтайн урианхайчууд Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож уулын толгойд ургах нартай уралдан уул овоогоо тахих ёслолыг хот айлаараа гүйцэтгэдэг уламжлалтай. Үүнийг “Балинд очих” (Зарим газар “Индэрт мөргөх” гэдэг) гэх бөгөөд “балин” гэдэг нь өвөлжөөнийхөө урд, зүүн урд зүгт өндөрлөг газар чулуугаар нямбайлан өрж, зориуд тусгайлан барьж байгуулсан, жил бүрийн битүүний урд сэлбэн засдаг, 100 см орчим голчтой, дугуй хэлбэртэй, (конусан) дунджаар 130-150 см орчим өндөртэй, дээрээ гал түлж тахилга үйлдэх зориулалт бүхий тэгш тавцан бүхий нэгэн ёсны овоо юм. Тиймээс энэ нь “Алтайн 13 сан” тавьж эргэл мөргөл үйлдэх зориулалттай өвөрмөц байгууламж болно.

Балингийн 4 талд тус бүр гурван чулуу давхарлан бүтээж, гурав гурваар цувуулан байгуулсан сангийн тавиур байх ба мөн өмнө этгээдэд зайдуухан нэг онцгой сангийн тавиур байгуулдаг. Энэ нь эзэн хааны сүлдэнд сан тавьж мөргөх зориулалттай ажгуу. Балинд очигсод юуны өмнө ариун сангуудаа тавихын хамт айл тус бүр бэлтгэн аваачсан хонины өвчүү, баруун шагайт чөмөг (зүүнийг нь тахилдаа дээж болгодог), дөрвөн өндөр хавирга зэргийг балиндаа өргөж (түлж), арц, шар тосоор хөгжөөн тахилга үйлдэнэ.

Энэхүү үйл ажиллагааг тухайн хот айлын хамгийн ахмад, нэр хүндтэй хүн нь гардан гүйцэтгэж, галаа асаан тахилгыг үйлддэг. Ингэхдээ чөмөгнийхөө шагайт талыг, өвчүүнийхээ толгой талыг урагш харуулж, дээр нь арц тосоо тавиад цагаан зурмаар нийлүүлэн боож өргөх ба энэ завсар айл бүр санг сэлбэн сэргээж байх учиртай. Үүний зэрэгцээ балингийн зүүн өмнө оройн хэсэгт хатган байрлуулсан бургасны мөчирт ёслолд оролцож буй айл болгон 5 өнгийн (хар, цоохор өнгө орохгүй) зурам уяж, сүлд хийморио даатгана.

Энэ сацуу хурмаст, баян Алтай, Хан хурмастдаа сүсэглэн мөргөж залбирах ёслолыг гүйцэтгэдэг байна. Юуны өмнө эхлээд эзэн хааны сүлдэнд залбирч сангийн өмнө хормойгоо дэвсэн малгайтайгаа сөхрөн суугаад гараараа газар тулан сунгаж, толгойгоо газарт хүргэн наминчилж, гурвантаа сүслэн мөргөсний дараа балингаа нар зөв гурвантаа тойрон, 4 зүгийн санд гурав гурван удаа үргэлжлүүлэн мөргөж, ирж буй шинэ жилдээ эрүүл энх, аз хиймортой элбэг баян байлгахыг залбиран хүсдэг.

Мөргөлийн дараа баян Алтай, хан хурмастдаа амь, ахуй амьдралаа даатгаж авралдаа багтаахын ерөөл айлтгаж цай, идээ будааныхаа дээжээр хүн бүхэн цацал өргөн балингаа нар зөв гурав тойрно. Тухайлбал, хот айлын хамгийн ахмад нь хамгийн өмнө гарч, тод дуугаар:

Ээ Баян Алтай минь

Хан хурмаст минь

Хот айлыг минь

Хотол олныг минь

Хөгшид хүүхдүүдийг минь

Аврал ивээлдээ авч хайрла

Цөөг хайрхан, Цөөг хайрхан, Цөөг хайрхан

Тог гэх томуугүй

Хаг гэх ханиадгүй

Тоо бүрэн толгой мэнд

Амар амугалан байлгаж хайрла

Цөөг хайрхан, Цөөг хайрхан, Цөөг хайрхан

Адуу малыг минь өсгөж хайрла

Амьтан нохойн аюулаас аварч хайрла

Цөөг хайрхан, Цөөг хайрхан, Цөөг хайрхан

Ган гачигаас өршөөж хайрла

Гамшиг ослоос аварч хайрла

Цөөг хайрхан, Цөөг хайрхан, Цөөг хайрхан” гэх зэргээр олон зүйлийн залбирал ерөөлийг дэс дараалан айлтгаж, зугуухан тойрох ба тэр болгонд насны эрэмбээр цувран дагалдсан хүн бүр хан хурмаст, хатан дэлхий, дээд тэнгэр, дэргэдэх Алтай, Цаст хайрхандаа сүслэн залбирцгаахын хамт “Цөөг хайрхан” хэмээн цай, идээний дээжээр сацал өргөнө.

Дээж цацаж цацал өргөхдөө аль болох тод чанга дуугаар ерөөл залбирлыг гүйцэтгэнэ. Учир нь өвлийн хүйтэнд унтаад дөнгөж сэрж байгаа Лустын эзэд нойрмог байх тул тод чанга дуугарч, дун бүрээ татах учиртай гэнэ.


Золгох ёс. Энэхүү ёслол гүйцсэний хойно балингийнхаа баруун дээд (хойд) талд ахмад настнаас эхлэн сууж, хадаг буюу цагаан алчуур барин эрэмбэ дараалан золгоцгоож амар мэндээ асуулцан тамхилж, бэлтгэн авчирсан цай, идээнээсээ хүртэхийн хамт шинэ жилийн өнгийг сонжин хэлэлцдэг байна.

Цагаан сараар цагаан хувцас өмсөж, цагаан хадаг барьж золгодог байсан Монголын эртний заншил Урианхайн цагаалах ёсонд тодорхой хэмжээгээр хадгалагдсаар ирсэн бөгөөд уламжлалаар бол хүмүүс балинд ирэхдээ, айлчлан цагаалахдаа бүгд ардаа цагаан алчууртай байх ба хүүхэд багачуудад чихэр боов, бэлэг сэлт өгөхдөө мөн цагаан алчуурт боож өгөх зэргээр өргөн хэрэглэдэг юм. Балин дээр гүйцэтгэх ёс нь төрийн сангийн овоондоо мөргөж, тэнгэр хангайгаас хишиг буян, өгөөж шимээ хайрлахыг хүсэмжлэн тавагтай идээ тэргүүтнээ бариулан балингаа дахин гурван удаа хурайлан тойрсноор өндөрлөдөг.

Балинд гэрийн эзэгтэй нар очих ёсгүй бөгөөд тэд гэрийнхээ гадаа сан тавьж мөргөдөг. Харин нас бие гүйцэж эрд гараагүй охид сэвгэрүүд балинд цугтаа очно. Балинд очих, ирэх замдаа насны эрэмбийг ягштал баримталж явна. Гэрийн эзэн балингаас ирээд гэртээ орж бурхандаа гурвантаа сөгдөж мөргөхөөс гадна сайн морио унаж, саадаг буугаа үүрч зүгээ гарган хийморио сэргээж уул усандаа сан тавьж залбирал үйлддэг ёс ч байжээ.

Энэхүү ёс, уламжлалын талаарх мэдээллийг Ховд аймгийн ахмад судлаач, Түүхийн ухааны доктор, профессор М.Ганболд өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд танилцууллааМөн гэрэл зургийг 1995 оны хавар Японы Токио хотын Гадаад судлалын их сургуулийн профессор Камимура Акира авсан аж.  

Алтайн урианхай нь Баруун Монгол дахь ойрад ястны нэг юм. Монгол, Шиньжаанд тархан суурьшсан. Тэр дундаа олон ястны өлгий Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүн амын зарим хэсэг нь аж төрж буй.  

Холбоотой мэдээ