Авлигын төсөөллийн индексийн 2021 оны үр дүнд ахиц гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-25 18:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон боловсруулдаг улс орны төрийн албан дахь авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2021 оны дүнг өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа.


Үнэлгээгээр нийт 180 улс орны авлигын төсөөллийн индексийг боловсруулснаас 56 улс орон 50-иас дээш оноо авчээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдэж, 1 байраар урагшилжээ.




“Транспэрэнси Интернэшнл” ТББ-ын тэргүүн, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, “Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Цар тахлын нөлөөгөөр авлигатай тэмцэх үйл ажиллагаа саармагжиж, 180 орны 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан байгаа. Үүнээс Ази Номхон далайн бүс нутагт 77 хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд оноо нь буурсан, бага зэрэг ахицтай, ахиц гараагүй гэдэг дүр зураг харагдаж байна.


Монгол Улсын авлигатай хийх тэмцэл 2015 онд хамгийн дээд буюу 39 оноо авч байсан бол түүнээс хойш буурсаар сүүлийн гурван жил 35 оноотой байна.


Харин манай хөрш БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийг есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна. 


Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо 8-9 эх сурвалжийг ашигласан. Тухайлбал, Щвейцарт төвтэй Олон улсын өрсөлдөх чадварын төвөөс өмнөх онд манай улсад 32 оноогоор дүгнэж байсан байсан бол, энэ удаад 29 оноо өгсөн байна. Харин Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх судалгаагаар 28-34 хүртэл оноогоо ахиулсан байна. Энэ бүх үзүүлэлтийг нэгтгэхэд манай улс 35 оноо авсан байна" гэлээ.


“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас улс орны сүүлийн 10 жилийн үнэлгээг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнээд бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг сайшаасан байна.


Монгол Улсын индексийг тооцоход нийт 8 эх сурвалжийг ашигласан бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа болон Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс тус тус өссөн байна.


“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас дэлхийн улс орнуудад хандаж “албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах” зэрэг 4 төрлийн зөвлөмжийг өгч байна.




Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог ба 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн үг юм.

Холбоотой мэдээ