Канадын Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-01-28 11:12:32

ОТТАВА. /Reuters/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тул өөрийгөө тусгаарлахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.


“Миний бие ойрын хавьтал болсноо саяхан мэдлээ. Түргэвчилсэн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан” гэж Ерөнхий сайд “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагын дүрэм журмыг даган мөрдөж байгаа бөгөөд таван хоног тусгаарлагдах ажээ.


Ж.Трюдо мөн биеийн байдлаа сайн байгаа хэмээгээд, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинд хамрагдахыг олон нийтэд хандан уриалжээ.  


Ерөнхий сайд “COVID-19”-ийн вакцинд бүрэн тунд хамрагдсанаас гадна нэмэлт тунг тариулсан байна. Түүнийг “COVID-19”-өөр халдварласан гэх мэдээлэл гарч байгаагүй ч түүний гэргий Софи Грегуар Трюдогийн коронавирусний шинжилгээний хариу 2020 оны гуравдугаар сард эерэг гарч байсан юм. 

Холбоотой мэдээ