Аймгуудын наадам үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-21 10:23:56

Аймгийн наадмууд үргэлжилж байгаа бөгөөд наадмаа хийсэн аймгуудын бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулж байна.

Дундговь аймгийн 75 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн цол олгох барилдаан 7-р сарын 15-нд  болж өнгөрөв. Хүчит 256 бөхөөс Өндөршил сумын харьяат тойргийн арслан Хүрэлбаатарын Батбаяр найм даван түрүүлж арслан цол хүртжээ. Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Батбилэгийн Баярмөнх үзүүрлэж заан цолтон болов.

Сэлэнгэ аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрлөө. 256 бөхөөс Баруунбүрэн сумын харьяат цэргийн заан Энхбатын Тулга түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. 2010 оны бүх цэргийн баяр наадмын үзүүр хүчтэн маань самбо, жүдо бөхөөр хичээллэдэг Хилчин спорт хорооны бөх юм. Олон жил сайн барилдаж байгаа Орхонтуул сумын харьяат Сүхбатын Оргилбаатар найм даван үзүүрлэж шууд сумын заанаа аймгийн заан цолоор солилоо.

Хөвсгөл аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрөв.Хүчит 256 бөхөөс Шинэ-Идэр сумын харьяат аймгийн шилдэг харцага Цэрэнбатын Сандагдорж түрүүлж аймгийн арслан цол хүртэв. Тосонцэнгэл сумын харьяат шилдэг сумын заан Ням-Очирын Даваахүрэл долоо давж аймгийн заан цол хүртжээ.

Баян-Өлгий аймгийн 76 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 16,17-нд  болж өнгөрөв. Хүчит 256 бөхөөс Цэнгэл сумын харьяат аймгийн шилдэг харцага Улагпаний Береке найм даван түрүүлж, төрийн их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Б.Серик үзүүр булаав.

Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 18-ны өдөр боллоо.Хүчит 256 бөхөөс Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж цолоо баталлаа. Аймгийн харцага Дагвапунцагийн Бямбасүрэн үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.

Холбоотой мэдээ