Зөрчлийн тухай хууль зөрчсөн 44 нэр дэвшигчид 630 төгрөгийн торгуул ногдуулжээ

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-28 16:44:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр хууль зөрчсөн 44 нэр дэвшигчид 630 төгрөгийн торгуул ногдуулсан талаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос өнөөдөр мэдээлэв.


Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах үүднээс сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй. Энэ хүрээнд СЕХ-ноос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж буй юм. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хууль зөрчих” зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 138, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 32 нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 25, 27 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ. 


Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлэх, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэнэ. Дээр дурдсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 44 нь зөрчил гаргасныг тогтоож, 630 сая төгрөгөөр торгосон байна. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд, одоогоор 3 нэр дэвшигч дээр дурдсан зөрчлийн улмаас 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл аваад байна. Түүнчлэн зөрчлийн зарим хэрэг шалган шийдвэрлэх шатандаа явж байгаа аж. 

Холбоотой мэдээ