Өвөрхангайн баяр наадмаар аймгийн цолтой 7 бөх төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-21 14:16:36

Өвөрхангайчууд баяр наадмаа энэ сарын 19, 20-ны өдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 85 жил, Монгол улсын Үнэн хүчит арслан Гялдангийн Цоодолын мэндэлсний 100 жилийн ой зэрэг тэгш ойг хамтатган тэмдэглэж өнгөрүүллээ.

Нар, хур тэгширсэн энэ сайхан баярын өдөр Өвөрхангай аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг болон улсад 10 түрүүлсэн Х.Баянмөнх аварга, энэ жилийн улсын баяр наадмын түрүү магнай Ч.Санжаадамба аварга, АХ-ын 64 жилийн ойн баяр наадмын түрүү Б.Ганбаатар арслан нар хүрэлцэн ирж, энэхүү баярыг Өвөрхангайчуудтай хуваалцлаа. Мөн Улаанбаатар хотоос залуу дуучид ирж, аймгийн ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран ая дуугаа өргөсөн ба 19-ний орой Хүндэтгэлийн шоу арга хэмжээг Аюушбаатарын талбайд зохион байгууллаа.

Аймгийн баяр наадамд Улсын арслан, гарьд, заан, харцага, начин цолтой 25, аймгийн арслан, заан, харцага, начин цолтой 46, сумын заан, начин 94, залуу бөх 91, нийт хүчит 256 бөх зодоглосноос Есөнзүйл сумын харъяат, аймгийн заан Д.Мөнхболд, Баян-Өндөр сумын харъяат аймгийн нэмэх начин Т.Ядамсүрэн, Баянгол сумын харъяат, сумын заан Б.Гүнсумъяа, Хархорин сумын харъяат, сумын заан О.Наранбаатар нар шөвгөрч, Есөнзүйл сумын харъяат, аймгийн заан Д.Мөнхболд үзүүрлэн Баян-Өндөр сумын харъяат аймгийн нэмэх начин Т.Ядамсүрэн түрүүллээ.

Баяр наадмаар Т.Ядамсүрэн аймгийн арслан цол хүртсэн бол сумын заан Б.Гүнсумъяа, О.Наранбаатар нар аймгийн харцага, Нарийнтээл сумын харъяат, сумын заан Н.Загархорол, Хархорин сумын харъяат, сумын заан Н.Наранбаатар, Өлзийт  сумын харъяат, сумын заан С.Төмөрбаатар, Тарагт сумын харъяат, сумын заан  Ж.Бямбадоньд нар аймгийн начин цол шинээр хүртжээ.

Өсвөрийн 32 бөх барилдснаас Нарийнтээл сумын У.Батбаяр аймгийнхаа баяр наадамд 2 дахь удаагаа түрүүлсэн бол Хархорин сумын Б.Сундуйжадамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт  Хайрхандулаан сумын Г.Хатансайхан, Баянгол сумын Э.Сумьяабазар нар шалгарлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ