"Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл" хэлэлцүүлэг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран "Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын хувьд 2012 онд Эвлэрүүлэн
зуучлалын тухай хуулийг баталж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2014
оноос эхэлсэн. Ингэснээр иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн
бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн
түүхтэй.
Шүүх шийдвэр гаргахад талуудын нэг нь баярлаж,
нөгөө нь гомддог. Харин эвлэрүүлэн зуучлалын хувьд талууд ярилцаж, тохиролцоод
эвийн гэрээ байгуулж, асуудлаа шийдвэрлэдэг учраас маргалдагч талууд найрсаг
харилцаагаа хадгалж үлдэх боломжтой. Хэрэг маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэх
ёстой гэсэн хэвшмэл ойлголт ард үлдэж, эвлэрүүлэн зуучлалаар эвийн журмаар
шийдвэрлэдэг жишиг рүү дэлхий нийт явж байна.
Одоогоор Монгол Улсын анхан шатны 38
шүүхэд орон тооны 44 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлалын
тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 130 мянган өргөдөл хүлээн авч, 94 мянган
хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Үүнээс 63 мянгыг нь буюу 68.8 хувийг нь амжилттай
шийдвэрлэсэн байна. Шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан. Хэрэв
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжээгүй бол энэ ачаалал шүүхэд ирэх байсан
нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хуулийн бас нэг чухал ач холбогдол нь энэ юм.
Монголчууд эвлэрүүлэн зуучлалын талаар
тодорхой ойлголттой болж, эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа шийдүүлэх
иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд дөрвөн удаа
нэмэлт, өөрчлөлт орж байсан. Гэвч тус хуульд зарим процесс ажиллагааг хэт
ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай тал бий. Тийм ч учраас эвлэрүүлэн зуучлалын
эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хууль зүй дотоод хэргийн яаман дээр
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах
ажлын хэсэг байгуулагдсан.
Тус хэлэлцүүлэгт оролцогчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэгт хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж хүргүүлэхээр боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож санал солилцлоо.