Г.Мөнгөнхөлөг: Итгэмжлэгдсэн лаборатори нь мөрдөн ажиллах гарын авлага, журам зааврыг өдөр бүр мөрдлөг болгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-23 17:46:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн лаборатори саяхан итгэмжлэлээ авсан. Лабораторийн эргэн тойрны асуудлаар мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, шинжлэх ухааны магистр Г.Мөнгөнхөлөгтэй ярилцлаа.


-Мал эмнэлгийн лабораторийн үүсэл, хөгжлийн талаар ярилцлгаа эхэлье.

-Манай мал эмнэлгийн лаборатори 2023 онд 100 жилийнхээ ойг хийнэ. Лабораторийн 80 жилийн ойгоор сургуулиа төгсөөд анх орж ирж байлаа. Сүүлийн хорин жилийн түүхийг хамтран бүтээлцэж байна даа. Манай лабораторид үе үеийн сайхан мэдлэг чадвартай, боловсролтой шилдэг эмч нар ажиллаж байлаа. Би анх 2013 онд Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчийн ажлыг Эрдэнэчимэг эмчээс авч байсан. Ийлдэс судлаач эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан Мал эмнэлгийн шинэ барилга 2021 онд ашиглалтад орсон.

-Танай лаборатори итгэмжлэлээ хэзээ авсан вэ?

-Манайх итгэмжлэлээ дөрөв дэх удаагаа авч байна. Итгэмжлэлийн хүрээнд стандартын шаардлагыг хангана гэдэг чинь чухал. Хамгийн эхэнд ажлын байрны нөхцөлийг хангаж ажиллах ёстой. Энд ажиллаж байгаа лабораторийн шинжээч эмч нар итгэмжлэгдсэн лаборатори ямар нөхцөлд ажиллах ёстой, тэр нөхцөлийг бүрдүүлье гэж бодсон. Мал эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн стандарт шаардлагыг байнга л мөрдөж ажилладаг. Итгэмжлэлд орохын тулд сайжруулж хийх ёстой ажлууд их байсан. Тэр болгоныгоо төлөвлөөд хийгээд явсан байгаа. Гурав дахь итгэмжлэлээс дөрөв дэх итгэмжлэл авах хугацаанд чанарын гарын авлага буюу итгэмжлэгдсэн лабораторийн мөрдөж ажиллах чанарын гарын авлага, журмуудыг нийт 3 удаа бичиж сайжруулж боловсруулж гаргасан. Тухай үеүдэд гоц халдварт, халдварт өвчнүүд гарч байсан нь итгэмжлэлд орох хугацаанд бас нөлөөлж ирлээ. Лабораторийнхоо энэхүү дөрөв дэх удаагийн итгэмжлэлээ авахын тулд их ч олон ажил амжууллаа. Цаг хугацаа ч их  зарцуулсан байна.


2019 онд 21 аймгийн хэмжээнд жишиг чанарын гарын авлага боловсруулсан. 21 аймгаас таван лаборатори сонгогдсон байдгийн нэг нь Архангайн лаборатори байдаг. Нөгөө дөрвөн аймгийн лабораторийн эрхлэгч нартай хамтран 21 аймагт ижил түвшинд мөрдөгдөх чанарын гарын авлага буюу бусад бичиг баримт журмуудыг боловсруулсан. 21 аймаг жишиг стандарт, журмыг мөрдлөг болгон ажиллах болсон. Манай лабораторийн тохижилт, зохион байгуулалтын тал дээр бусад мэргэжлийн хүмүүс их ам сайтай байдаг. Үүнийхээ хүрээнд 2013, 2016, 2019 оны бүсийн сургалтуудыг Архангай аймгийн Мал эмнэлгийн лабораторийг түшиглэн хийж байлаа. Бүсийн сургалтыг хамтарч хийнэ гэдэг бол ахисан түвшинд байгааг харуулж байна уу даа гэж би харж бахархдаг.

Мал эмнэлгийн лабораторийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах ажлын хэсэгт 5 аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч нар ажлын хэсэгт орсон байгаа. Энэхүү ажлын хэсэгт Архангай аймгийн лабораторийн эрхлэгч гишүүнээр сонгогдож бичиг баримт боловсруулах санал солилцох үйл явцад  хамтран ажиллалаа. Бүсийн лабораторийг сонгох явцад Архангай аймгийн Мал эмнэлгийн лабораторийн нэр нэлээд гарсан. Миний зүгээс өөрийнхөө аймгийн лабораторийг бүсийн лаборатори болгочих юмсан гээд их боддог л доо. Стратеги төлөвлөгөө болосруулж байгаа ажлын хэсгийн баг бүрэлдэхүүний саналыг би хүндэтгэнэ. Эцсийн шийдвэрийг хүлээж байгаа.

-Танай лабораторийн боловсон хүчний тухайд?

-Боловсон хүчний тухайд анхаарал татсаар ирлээ. Мал эмнэлгийн лаборатори нь боловсон хүчнээ бэлддэг салбар болчихсон юмуу даа гэж сүүлийн үед боддог боллоо. Энэ чиглэлээр газрын даргатай болон мэрэгжилтнүүдтэйгээ ярьж байна л даа. Мал эмнэлгийн лаборатори чинь шинжлэх ухааны үндэслэлтэй, маш их туршлагажсан, тогтворжсон байх ёстой. Ур чадвартай, мэдлэгтэй байж улам суралцах, шинийг санаачлах ёстой. Лабораторийн шинжлэгч эмч нарыг чадавхжуулан бэлтгэхэд цаг хугацаа ордог.


Мэргэшүүлэхийн тулд суралцуулах, сургах, өдөр тутмын үйл ажиллагаа, шинжилгээний арга зүйн заавраар хангаж, үе шаттайгаар сургалтад хамруулахад анхааран ажиллаж ирлээ. Лабораторид ажиллаж байгаа шинжлэгч эмч нар байнга суралцаж байх ёстой. Миний хувьд жилд 3-4 шинэ арга зүй сурах ёстой гэсэн чиглэл өгч ажилладаг. Мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмч нар тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг л бүрдүүлж өгөх шаардлагатай байдаг.

- Лабораторийн лаборант, туслах ажилтан  бэлтгэдэг сургууль байдаггүй юм уу?

-Манай лабораторийн хувьд 4 шинжилгээний үндсэн лабораторитой, 4 шинжлэгч их эмч, лаборант туслах ажилтан 1 нийт 5 орон тоотой ажиллаж байна. Лабораторийн эрхлэгч миний бие ийлдэс судлалын шинжлэгч эмчийн албан тушаалыг хавсран хийж байна. Манай энэ лабораториос олон сайхан эмч нар төрөн гарсан байдаг. Мал амьтны Эрүүл мэндийн албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан Ө.Сэр-Од, Мал эмнэлгийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан Д.Амарбаясгалан, Мал амьтны эрүүл мэндийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаа Ө.Ууганбаяр нар байна. Мэргэжилтэн Н.Мөнхгэрэл ариун цэвэр, магадлан шинжлэгч эмчээр олон жил ажилласан. Мөн сум орон нутагт ч гэсэн манай лабораториос томилогдон дэвшин ажиллаж байгаа мэргэжилтэн нар нэлээн хэд байдаг. Одоо Мал эмнэлгийн лабораторид  ажиллаж байгаа энэ сайхан эмч нараа ч нэг хэсэгтээ л байран суурин байлгамаар байна. Хойч үеэ бэлдээд халаагаа өгмөөр байна. 

-Лабораторийн хүчин чадлын тухайд?

-Итгэмжлэгдсэн лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу шинжилгээг хийх бүрэн боломжтой. Лабораторийн тухайд Архангай аймгийн хэмжээнд гардаг халдварт болон шимэгчтэх зэрэг 13 нэр төрлийн өвчин, гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг зэрэг бусад дахин болон шинээр сэргэж буй халдварт өвчнийг оношлох бүрэн боломжтой. Малаас хүнд халдварладаг зоонозын өвчнүүдийн хувьд манай аймагт бруцеллёз, галзуу, боом өвчнийг оношлох урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Жил бүр улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, МЭЕГ-аас өгч байгаа тандалт шинжилгээнүүдийг тухай бүр нь хийдэг. Архангай аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь төлөвлөгөөт болон тандалт шинжилгээнүүдийг заасан цаг хугацаанд нь түргэн шуурхай хийх бүрэн боломжтой.

-Тоног төхөөрөмжийн тухайд?

-Шинэчлэгдэх шаардлагатай тоног төхөөрөмжийнхөө судалгааг гаргаж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/, МЭЕГ-т хүргүүлэн ажиллаж байна. 2011-2021 оны хугацаанд хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл, "Монгол мал" үнлдэсний хөтөлбөр, малын эрүүл мэнд төслийн хүрээнд иилдэс судлал, ариун цэвэр магадлан шинжилгээ, нян судлалын шинжилгээний тасгуудыг тохижуулан ажилласан байна. Мэдээж элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гардаг. Иймд шаардлагатай сайжруулах шаардлагатай тоног төхөөрөмж бий. 2022 онд манай лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуурын судалгаа гаргахад 145,0 сая төгрөг зарцуулагдах шаардлагатай байна. Холбогдох судалгааг  МЭЕГ, УМЭАЦТЛ-т  хүргүүлсэн. 


-Лабораторийн шинжилгээний хариу иргэдэд маш их итгэл үнэмшил өгдөг. Итгэл үнэмшлийнх нь дээд хязгаар болдог. Маш хариуцлагатай ажил санагддаг?

-Тэгэлгүй яахав. Мал эмнэлгийн лабораторийн хувьд бол шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг хугацаатай шинжилгээг түргэн шуурхай, стандарт, арга зүйн дагуу түргэн шуурхай чирэгдэлгүй хийж, хариу гаргаж ажилладаг. Дээж хүлээж аваад эцсийн хариу гартал эрхлэгч миний бие хариуцаж ажилладаг. Мал эмнэлгийн лаборатори нь 2016 оноос цахим системийг нэвтрүүлсэн. Бидний хэдэн сарын хэдэнд шинжилгээ хүлээж авсан, хэзээ хариу гарсан зэрэг бүх мэдээлэл цахимд шивэгдсэнийг МЭЕГ болон УМЭАЦТЛ-иос хянадаг. Итгэмжлэгдсэн лаборатори гээд сонсоод л итгэл үнэмшил төрнө шүү дээ. Мал эмнэлгийн лабораторид ажиллаж байгаа шинжлэгч эмч нар малын эмчийн итгэмжлэл болон ур чадварын сорилд орж үнэлгээг авч ирдэг нь уламжлал болоод олон жил болж байна. Мал эмнэлгийн лаборатори итгэмжлэгдэх бүрд шинжлэгч эмч нар хамт итгэжлэгддэг, ур чадвараа үнэлүүлнэ. Байнга шалгалтад орно. Иймийн тулд шинжлэгч эмч нарыг сургалтад хамруулах, чадавхжуулах ажлыг удирдлагуудтайгаа хамтран зохион байгуулах ажлыг  хийж гүйцэтгэх нь чухал байдаг.

Малчид болон мал бүхий иргэд, сумдын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч мэргэжилтэн нарт мал эмнэлгийн лабораториос заавар зөвлөмжийг цаг алдалгүй өгч, гарын авлага материал, мэдээллээр хангаж ирсэн. Хүлээн авч байгаа дээж материалаа бүртгэж авахаас эхлээд бүгд стандартын дагуу байх ёстой гэдгийг байнга сануулж, зөвлөж ажиллаж байна.

-Ямар шинжилгээг заавал баталгаажуулдаг вэ?

-УМЭАЦТЛ-иор галзуу, боом өвчнийг заавал урьдчилсан оношийг баталгаажуулна. Манай лабораторийн шинжилгээний урьдчилсан хариу хэзээ ч зөрж байгаагүй. Итгэмжлэгдсэн лаборатори нь мөрдөн ажиллах гарын авлага журам зааврыг өдөр бүр мөрдлөг болгон ажиллаж байна. Эргэлзээтэй зүйл гарна л даа. Тийм тохиолдолд төв лабораторитойгоо холбогдож, зөвлөгөө авч хариуг баталгаажуулдаг. Шинжилгээний хариу зөрж байсан тохиолдол гарч байсангүй.

Цусан халдварт, боом өвчний оношийг манай лаборатори туршлагын амьтан болох цагаан хулганад амин сорил тавьж оношийг баталгаажуулж, уламжлалт энэхүү аргыг өвлөн хийж ирсэн анхдагч лаборатори  юм.            

Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төвийн ур чадварын сорилын лаборатори байдаг. Манайх 2014 оноос хойш ур чадварын сорилд орж байна. Улиралд хоёр удаа ордог. Бид нар заавар, стандартынхаа дагуу шинжилгээг хийж, хугацаанд нь хариуг хүргүүлдэг. Манай лаборатори хангалттай сайн гэж үнэлэгддэг. Энэ хугацаанд итгэмжлэлээ авч амжаагүй, бэлтгэл хангаж ажиллах явцдаа ч энэ лавлагаа лабораторийн ур чадварын сорилд орж ирлээ. Ур чадварын сорилд орсон гэсэн гэрчилгээг тогтмол хүлээн авч байна. Манай лабораторийг малчид мал бүхий иргэд хүсэлт тавин ирж үзээсэй гэж боддог шүү. Зарим малчид иргэд үйлчлүүлээд ороод гарахдаа л хүн эмнэлэг шиг юм байна гээд гардаг. Өөдлөх айл үүднээсээ гэж.

-Манай аймагт шүлхий их гарч байна. Он гараад шинжилгээ хийв үү? 

-Шүлхий бол вирусний гаралтай, эдгэдэггүй өвчин гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмчлэгдэнэ гэх зүйл байхгүй. Яахав шинж тэмдэг арилгах үйлчилгээ үзүүлж байна. Маш өндөр халуурна. Ам хамраар үлхий үүсээд шүлс гоожино. Үүнийг л маш хурдан арилгахын тулд шинж тэмдэг арилгах эмчилгээ хийж байна л даа. Хоёр гурав хоногоос шүлсгүй, үлхийгүй болоод сорвижоод ирнэ. Ер нь халуун бууруулах, өвчин намдаах, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээг мэргэжлийн байгууллагаараа дамжуулан тухайн сум орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн нартаа хандаж ажиллах нь зүйтэй байна.

-Шүлхий өвчний шинж тэмдэг арилсан, шинж тэмдгийн үйлчилгээ хийсэн малыг хэзээ хэрэгцээлж болох вэ?

-Ёстой зөв асуулт асуулаа. Малчид шүлхийн шинж тэмдэг арилаад, антибиотик гадагшлах хугацааг маш сайн мөрдөх ёстой. Ямар ч үед антибиотикийн эмчилгээ хийснээс хойших хугацааг 30 хоног гэж хэлнэ. Зарим тохиолдолд 15, 21, 28 хоног гэж заасан байдаг. Би зөвлөхдөө үйлчилгээ үзүүлснээс хойш 30 хоногийн дараа хэрэгцээлэх нь зөв гэж зөвлөдөг. Вакцины хувьд тухайн бүс нутагт шүлхий өвчний шинж тэмдэг хамгийн сүүлд илэрснээс хойш хорио цээрийн дэглэм цуцлагдан, хязгаарлалтын дэглэмд шилжиж дуусахад нийт 42 хоног тоологддог. Энэ хугацаанд шүлхийн шинж тэмдэг дахин илрэх эсэхийг харна. Илрэхгүй бол тэр бүс нутагт байгаа малын вакцинжуулалтыг гадагшлах хугацааг тооцож үзээд  хэрэгцээлж болно.

- Лабораторид малчдаас дээж авдаг уу?

-Мал эмнэлгийн лабораторийн ариун цэврийн магадлал шинжилгээнд иргэд мах, сүүний дээжийг авч ирэх тохиолдол их байдаг. Худалдан авсан мах, сүү нь ямар нэгэн амт үнэртэй, хүнсэнд хэрэглэхэд эргэлзээтэй тохиолдолд хувь хүн ханддаг. Бид шинжилгээг хийж, харъяа эмч мэрэгжилтэн нарт хариуг хүргүүлэн тухайн иргэдийг холбож өгөх дараагийн арга хэмжээг авч ажилладаг. Эмгэг дээж материалыг малчин, хувь хүн авч ирж өгөх ёсгүй. Бид журмаараа хүлээн авах ч ёсгүй. Заавал мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн эмч нараар дамжуулна. Сум орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тасгаар дамжуулан үйлчилгээгээ авах ёстой юм. Мал эмнэлгийн лабораториор үйлчлүүлдэг хувь хүн холбогдох байгуулага албан хаагч олон бий.


-Та энд ажиллаад хорин жил болсон байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд гарч байгаа халдварт болон гоц халдварт өвчний давтамж ямар байна вэ? Ямар үед илүү их гарч байх юм?

-Халдварт өвчнөөс бог малын дотрын халдварт хордлого, зооноз өвчнөөс галзуу өвчнийг дурдмаар байна. Галзуу өвчний хувьд бол гурван жилийн давтамжтай гарч байсан. 2019 оноос халдварлалт буурахгүй байна. Зөвхөн манай аймагт ч биш. Хөвсгөл, Баянхонгор гээд хил залгаа аймгууд маш өндөр эрсдэлтэй байгаа. Дараа нь дотрын халдварт хордлого өвчин жил болгон нэмэгдэж байна. Манай лабораторийн дээжийн ихэнхийг хордлогын дээж эзэлдэг. Цаг агаарын нөхцөл байдал бэлчээр талхагдал нөлөөлж байна. Ургамлын гарц, бүтцэд өөрчлөлт орж, тухайн бүс нутгийн онцлог гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.

Мал эмнэлгийн лаборатори шинжилгээний тасаг тус бүр тав таван жилийн давтамжтайгаар шинжилгээний үр дүн судалгааг гаргахад голлон гарч байгаа халдварт өвчин нь цусан халдварт, салмонеллёз, дотрын халдварт,  галзуу зонхилсон дүнтэй байна Боом бол 2016 оноос хойш гараагүй. Гоц халдварт шүлхий өвчин 2018-2019, 2021 онд тус тус гарч байна.

Гоц халдварт шүлхий өвчний тухайд яаж даван туулах юм гэвэл, нэгдүгээрт аль ч түвшинд хариуцлагын тогтолцоог сайжруулах, мөрдлөг болгох тал дээр хувь хүнээс эхлээд бүгд энэхүү ухамсрын асуудлыг сайжруулах. Малчид, мал бүхий иргэд маш их хариуцлагатай байх ёстой. Хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй бол хэн нэгэн буруутэй этгээдээс болж сум орон нутаг, улс эх оронд маш их зардал гарч байгааг ойлгуулж, хэн буруутай этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэхүү гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад  маш их зардал гарч байна шүү дээ. Болж өгвөл тэр буруутай этгээдэд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээг нь аваасай гэж боддог. Тэгвэл бусдадаа дамжуулаад, болдоггүй юм байна, би ингэлээ, тэдэн сая төгрөгийн төлбөр төллөө гээд ахин алдаа гаргахгүй байх ёстой юм. Бусдадаа сургамж болно.  

-Аймгийн Мал эмнэлгийн газарт шүлхийн вакцин ирсэн үү?

-Ирээгүй байна. Би вакцинаа хүлээгээд л сууж байна. Сумдаас бид шаардлагатай судалгааг аваад МЭЕГ-т хүргүүлсэн. Мал эмнэлгийн ерөнхий газраас ирэх чиг үүргийг хүлээж байна.

 -Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ