Багш, сурагчдыг чадавхжуулахад МУИС-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-25 19:55:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Судалгааны үр дүнд суурилж аймаг, орон нутагт үүсч байгаа цаг уур, хүрээлэн буй орчин, уур амьсгалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ хүрээнд эрдэмтдийн болон судалгааны баг Дархан-Уул аймагт ажиллах юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх томоохон ажил нь төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, ЕБС-ийн сурагчдын сургалтын чанарыг хэрхэн ахиулах талаар цогц хөтөлбөр боловсруулах аж. Сурагчдын чанарыг дээшлүүлэхэд нэн түрүүнд багш нарыг чадваржуулах, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарна. Түүнчлэн ахлах ангийн сурагчдыг мэргэжлийн олимпиад, ЭЕШ-ын бэлтгэлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх юм. Орон нутагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр МУИС-д бакалаврын болон ахисан түвшний сургалтад хамруулах, тэтгэлэг олгох зэрэг боловсролын салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Холбоотой мэдээ