Охид, эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-26 13:21:14

Увс /МОНЦАМЭ/. “Мэдье, оролцъё, манлайлъя” сэдэвт охид, эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг “Сайн тус” ТББ-аас Олон улсын эрхзүйн байгууллага (IDLO Mongolia), аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар охид, эмэгтэйчүүд гэр бүлдээ хайр дүүрэн, амар тайван, аз жаргалтай амьдрахад юунд илүү анхаарлаа хандуулах, хүний эрхийн зөрчил түүний шийдэл хийгээд, эрүүл чанартай, бүтээлч, идэвхтэй амьдрахын утга учрын талаар оролцогчдод мэдээлэл хийсэн юм. Мөн аймаг орон нутгийн шийдвэр гаргагчид уулзалтад оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал, шийдлийн талаар дуу хоолойгоо хүргэж, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм. Тус уулзалтад Улаангом, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай сумын охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Мэдье, оролцъё, манлайлъя” сэдэвт уулзалтад оролцогчдын төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-“Жендэрт суурилсан хүчирхийллийг багасгахад олон нийтийн хандлагыг өөрчлөх, эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулахгүй байх, охидоо хамгаалах чиглэлээр анхаарал хандуулах цаг болсон. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь цаг үеэ олсон, тулгамдсан олон асуудлыг хөндсөн, шийдэх арга замыг эрэлхийлсэн, сайшаалтай ажил болж байна. Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд болон санаачлан зохион байгуулсан Сайн тус төв ТББ-д талархал илэрхийлье” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэллээ.

-“Би энэхүү уулзалтад сумынхаа охид, эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцохоор 360 км-ийн цаанаас зорин ирлээ.

   Охид, эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэх ажилд бид бүхний оролцоо маш чухал. Энэ талаар мэдээлэл, туршлага хуримтлуулан бусдадаа нөлөөлж ажиллахыг хүсэж байна. Алслагдсан бүс нутаг гэлтгүй, улс даяар жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдсээр байна. Иймд эмэгтэйчүүд бид дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажиллах шаардлагатай” хэмээн Зүүнхангай сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Ганбаатар хэлсэн юм.

-“Энэхүү уулзалтад өсвөр үеийн төлөөлөл болон оролцож байна. Миний хувьд өмнө нь энэ төрлийн уулзалт, сургалтад хамрагдаж байгаагүй. Мэдэхгүй олон зүйлээ олж мэдсэн, үр дүнтэй уулзалт байлаа. Ялангуяа хүний эрхийн талаарх ойлголтоо дээшлүүлсэн. Манай суманд өсвөр үеийнхний дунд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл хомс байдаг. Иймд уулзалтаар олж авсан мэдлэгээ сумандаа очоод үеийн найзууддаа хуваалцах болно” хэмээн Давст сумын ЕБС-ийн сурагч Б.Нандин-Эрдэнэ хэллээ.

Холбоотой мэдээ