"Архангайн зуун зураг, зуун түүх” цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-03-01 17:37:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан “Архангайн зуун зураг, зуун түүх” цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Цэцэрлэг хотод нээлээ. Фото зургийн үзэсгэлэнд нийт 50 зургийг дэлгэсэн байна.
Гэрэл зургийн цомог, үзэсгэлэнд Халхын Зая гэгээн, Хан-Өндөрийн хүрээ, сумдын нэгдэл, сангийн аж ахуйгаас өнөөгийн Цэцэрлэг хот хүртэл, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан, Бүх цэргийн жанжин, анхны маршал Г.Дэмид, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, жолооч Р.Ёндон, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзоригоос эхлээд XX зууны өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалтад оролцож, өнөөгийн нийгмийг бүтээлцсэн эгэл энгийн хөдөлмөрч хүмүүс, цаг үеийн түүхийг илэрхийлсэн олон үйл явдлын зургууд багтсан байна.
Үзэсгэлэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон зургийн үзэсгэлэнг гаргасан Бат-Эрдэнэ, хамтран ажилласан "Архангайн үнэн" сонины фото сурвалжлагч Р.Вандандорж, Б.Бадарч нар оролцсон юм.