Тендерийг танилын хүрээний бизнесээс ангижруулах хууль хэрэгтэй

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-03-04 13:47:40

Тендер шалгаруулалтын эргэн тойронд байдаг будлиантай олон асуудлыг цэгцлэх хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх нь. Засгийн Газрын ээлжит хуралдаанаар тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байна.


Танилын хүрээнд өрнөдөг бизнес болсон энэ асуудлыг эмх цэгцэд оруулах, бизнес эрхлэгчдэд  шударга өрсөлдөх хууль зүйн цэвэр орчныг бүрдүүлэх шаардлага бий болоод удсан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яамнаас боловсруулж, бизнес эрхлэгчдээс санал аван тодорхой асуудлуудыг тусгасан. Мөн оны өмнөхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн тухай аж ахуй эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус газарт 2021 онд л гэхэд тендэртэй холбоотой 260 гаруй гомдол ирсэн байдаг.


Сангийн яамнаас боловсруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд,  хүний оролцоог бууруулж тендерийн мэдээллийн ил тод байдлыг бий болгох, төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг тендерт оролцогч нар нээлттэй хардаг байх, төрийн албан хаагч хууль зөрчин илтэд давуу байдал олгосон бол хариуцлага тооцдог байх, эрх мэдлийг нь хасах, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авдаг байх гэх зарчимч хандлагыг тусгаад байгаа. Үүнээс гадна тендерийг хугацаа сунжруулалгүй шийдвэрлэдэг байх нөхцлийг бүрдүүлэх тухай асуудал ч энд бий. Бизнес эрхлэгчдийн зүгээс, төрөөс хөрөнгө оруулалтыг хугацаанд нь хийдэггүйгээс шалтгаалж төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ААН-үүд тодорхой хэмжээний хохирол амсдаг учир төр өөрөө ч эрх, үүргийнхээ хувьд хариуцлага хүлээдэг байх саналыг тавьдаг. Тендерийг сонгон шалгаруулахдаа чанар биш үнийн дүнг харгалздаг байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага бас шийдлээ хүлээж байна. Нээлттэй мэдээлэл бүхий шударга шинэ зохицуулалтаар шалгаруулалт хийгдсэнээр төр үнэтэй бараа материал худалдан авдаг байдал үгүй болох, цаашлаад бизнес эрхлэгчдийн сахилга баттай, хяналттай өрсөлдөөнийг бий болгоход дэмжлэг болно.


Түүнчлэн тендерт шалгарчихаад ажлаа хангалтгүй хийвэл дараа дараачийн шалгаруулалтад оролцуулахгүй байх гэх мэтээр ёс зүйгүй үйлдлүүдийг таслан зогсоох боломжийг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл бүрдүүлэх юм. Одоо мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь анх 2005 онд батлагдаж хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.


2022 оны гуравдугаар сарын 02-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтийг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар  тусгасан байна.  


Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээ нь захиалагч, гүйцэтгэгчээс хамаарахгүйгээр төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг учраас хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгосон байна. Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаад байна.



Холбоотой мэдээ