Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-12 12:32:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам барих ажлын нээлт Дорноговь аймгийн Мандах сумын дөрөвдүгээр багийн нутаг Сэрвэн баян хошуу  багийн Халзан цав гэдэг газарт энэ сарын 11-нд боллоо.

Хөндлөн төмөр зам буюу Таван толгой-Зүүнбаян чиглэлийн замаас урагш салбарлан тавигдах эл замын эхлэл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 303 км-т, Дорноговь аймгийн Мандах сумаас зүүн урагш 80 км-т, Зүүнбаянгаас баруун зүгт 112 км-т байрлах бөгөөд Хатанбулаг дахь Ханги хилийн боомт хүртэл хамгийн бага буюу 226 км-ийн алсад байрших юм.

Өөрөөр хэлбэл Зүүнбаянгаас урагш төмөр зам тавихад 260 орчим км зайтай бол энэхүү шинэ цэгээс илүү дөт замыг туулах аж. Тиймээс Зүүнбаян-Ханги чиглэлийн хамгийн том өртөө энд сүндэрлэн босно. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Б.Халтар, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд нэг зуны дотор 200 гаруй км төмөр замыг барьж чаддаг гэдэг мессежийг олон улсын түвшинд өгнө

 

Энэхүү бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийн талаар онцлон дурдлаа.

Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлах үед манай улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв  нүүрсээс, шатахуун  нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй гэдгийг хэлж байсан.

Тиймээс Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд нийт боомтоо авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой.

Монгол Улсын ачаа тээвэр болон эдийн засгийн түүхэнд тэмдэглэн үлдэх нэгэн чухал үйл явдал болно гэдгийг тэрээр онцлоод монголчууд нэг зуны дотор 200 гаруй км төмөр замыг барьж чаддаг гэдэг мессежийг олон улсын түвшинд өгнө. Ингэснээр монголчууд бүх төмөр замаа өөрсдөө барих боломжтой гэдгийг харуулж Монголд бизнес хийх, хөрөнгө оруулалт хийх нь ашигтай  гэдгийг ойлгуулах болно гэсэн.


Төмөр замын  бүтээн байгуулалт 400 орчим сая долларын өртөгтэй


Эл замыг барихад Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүй бөгөөд “Монголиан транс лайн”, “Монголиан трасс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессоор гэрээлжээ. Энэ талаар “Монголиан транс лайн” ХХК-ийн захирал Б.Баяржаргал хэлэхдээ ”Манай компани концессийн гэрээгээр зураг төсөл боловсруулах, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлөөр эл бүтээн байгуулалтад оролцож байна.

Төслийн нийт санхүүжилт 400 орчим сая доллар. Төслийн эхний хэсгийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлээд дарааагийн санхүүжилтийг төмөр замын төслөөс босгоно. Манай компани Өмнө нь Тавантолгой-Зүүнбаянгийн  чиглэлд 130 орчим км төмөр зам барьсан туршлагатай.Одоогийн байдлаар туслан гүйцэтгэгч компанийн 90 орчим инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна" гэв.

 

200 гаруй км төмөр замыг 32 аж ахуй нэгж барихаар ажиллаж байна


Цаашдаа ОХУ транзит тээврээ энэ замаар явуулахыг үгүйсгэхгүй. "Энэ хүчин чадлыг бид тооцоолох ёстой. Замын эргэн тойрон дахь ашигт малтмалын орд эдийн засгийн эргэлтэд ороод эхэлбэл энэ зам хамгийн үр өгөөжтэй болохыг ч үгүйсгэхгүй" гэж ЗТХ-ийн сайд Б.Халтар онцолсон юм.

Одоогийн байдлаар 200 гаруй км газарт 32 аж ахуй нэгж ажиллаж байгаа юм. Хамгийн бага нь дөрвөн км, хамгийн их нь 10 км зам барихаар гэрээлжээ. Төмөр замын үеийг Улаанбаатараас заримыг нь БНХАУ-аас авахаар төлөвлөсөн аж. Энэ онд багтааж төмөр замын дээд доод бүтэц буюу далан хоолой, гүүр, ул шороо, буталмал чулуун чигжээс зэргийг гүйцэтгэж ирэх онд барилга байшин, дохиолол холбоог ашиглалтад оруулах аж.

 Төмөр замын бүтээн байгуулалтын хамгийн том ажил нь ул шороо далангийн ажил байдаг тул техник хүчин чадал сайтай, ажиллах хүчнээ сайтар хангасан тохиолдолд ирэх 11 дүгээр сарын 1 гэхэд галт тэрэг явуулж утсан харилцаагаар удирдах боломжтой гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Халтар тэмдэглэсэн юм.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам гурван сумын нутгаар дамжина


Шинээр барих төмөр замыг хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, өргөн царигтай  байхаар  төлөвлөсөн бөгөөд  тус аймгийн Мандах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын нутгаар дамжиж Ханги хилийн боомт хүрнэ. Тиймээс эдгээр сумын хөгжил дэвшилд төмөр замын бүтээн байгуулалт онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн албаныхан мэдэгдсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний Жанжин штаб, УБТЗ, Монголын төмөр зам зэрэг 100 гаруй байгууллага аж ахуй нэгж хамтран  ажиллаж 1300 гаруй ажлын байр шинээр бий болох аж.


Шинэ төмөр зам барьснаар экспортын хэмжээ нэмэгдэнэ


Манай улс өмнө нь Эрээнцав, Замын-Үүд, Бичигт гэсэн гурван боомтоор төмөр замаар холбогдсон байдаг. Эрээнцав, Замын-Үүдийн төмөр зам Улаанбаатар төмөр замын сүлжээ бол Боомтын сэргэлтийн хүрээнд хийж байгаа төмөр замын эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ болж буйгаараа онцлогтой. Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар гэдгээрээ үр ашигтай гэдгийг албаныхан онцолсон.

Замын-Үүдийн боомтоор өдөрт галт тэрэгний 14 цуваа хил нэвтэрдэг бол энэ зам ачааллыг Гашуунсухайт, Ханги боомт руу тавьсан төмөр зам хуваалцаж, хилээр экспорт хийх чадамж 2-3 дахин нэмэгдэх юм.

Өөрөөр хэлбэл Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор нэвтрүүлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот руу авто зам болон төмөр замаар тээвэрлэдэг байсан бол эл зам ашиглалтад орсноор Таван толгойн коксжих нүүрсийг Бугат хот руу шууд тээвэрлэх боломж бүрдэж байгаа. Үүнээс гадна Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж тойруу замаар Хөх хотоор дамжин Бугатад хүргэдэг байсан бол мөн л эл зам ашиглалтад орсноор 240 орчим км замыг товчилж Бугатад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, таван толгойн нүүрс хийгээд төмөр замын эргэн тойрон дахь ашигт малтмалын олон орд ажиллаж байгаа энэ үед өмнөд хил рүү төмөр зам барьснаар манай улсын экспортын орлого нэмэгдэж, үргүй зардал багасна гэдгийг албаныхан онцолсон юм.

 

 

 

Холбоотой мэдээ