Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулахад тэрбум гаруй төгрөг төсөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-12 18:25:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2022 онд зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах жил”-ийн ажлаа 3 дугаар сарын 11-ний өдөр нээлээ. Үүнтэй хамтатган “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт, аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулав.

Тус арга хэмжээнд аймаг, сумын болон хэлтэс агентлагийн удирдлагууд, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүд, мод бут тарьдаг иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй албаныхан, ХААИС-ийн захирал, доктор А.Буянбаатар, “Жимс жимсгэний холбоо”-ны тэргүүн Д.Насанжаргал зэрэг эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж, илтгэл тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг нь 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээг БОАЖЯ-тай байгуулсан. Үүний тулд Арвайхээр, Хархорин сум тус бүр 1.5 сая, бусад 17 сум тус бүр 1 саяас доошгүй мод тарих төлөвлөгөөтэй бөгөөд  бэлтгэл, ‌эрчимжүүлэх, ‌тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ жилийн тухайд нийт дүнгээр 560 мянган мод тарих аж.

Одоогоор аймагт 11 мод үржүүлгийн газарт 15 нэр төрлийн 327 мянга орчим тарьц суулгац ургаж байгаагаас 150 мянга орчим нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх боломжтой 2-оос дээш настай тарьц суулгац байна. Тиймээс мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжих шаардлагатай байгааг албаныхан хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хүн төрөлхтөний үйлсэд Монгол Улс хувь нэмэр оруулах ёстой. Монгол орныхоо эко системийг сэргээхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах шаардлага үүсч байна. Манай нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь цөлжилтөд өртсөн. Цөлжилтийг бууруулах хамгийн сайн арга бол мод тарих юм.  Тэрбум мод хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаас гадна ажлын байр, орлого нэмэгдэх хөшүүрэг болно гэж харж байгаа. Мод суулгацыг бэлдэх, хашаалж хамгаалах, үржүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад хүн бүр идэвхтэй оролцож, өрхийнхөө эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Өвөрхангай аймгийн хувьд ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 4,7 орчим хувийг эзэлдэг, шилмүүст болон заган ой голчлон ургадаг” болохыг онцлоод амлалт авсан 20 сая модоо тарьж, бодит ажил болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэрбум мод тарьснаар хөдөө аж ахуйн салбарт ямар ахиц дэвшил, ач холбогдолтой болохыг онцлон өгүүлсэн бөгөөд үндэсний хэмжээний энэ ажилд Өвөрхангай аймаг хувь нэмрээ оруулж байгаад талархан тус яамны зүгээс “Таримал ургамлын болон жимс жимсгэнэ, мод үржүүлгийн төв”-ийг шинээр байгуулж өгөхөө мэдэгдэв.

Аймгийн хэмжээнд тарьц суулгацыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

- БНСУ-ын Ногоон-Ази төслийн хүрээнд Баруунбаян-Улаан суманд 100 га талбайд говийн мод сөөг үржүүлэх газрыг шинээр байгуулах;

- БНСУ-ын Ногоон хэрэм төслийн хүрээнд Арвайхээр суманд 15 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулах ажлыг эхлүүлэх;

- “Арвайхээр-Цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ыг түшиглэн Арвайхээр суманд 5 га  талбайд мод үржүүлгийн газар байгуулах;

- Бат-Өлзий сум дахь Сум дундын Ойн ангийн Мод үржүүлгийн газрыг өргөтгөх;

- Хархорин суманд мод үржүүлгийн газар байгуулах;

- Нарийнтээл сумын Сэнжитийн хоолойд хөв цөөрөм байгуулж, мод мут ажлыг эхлүүлэх;

- Сум бүрт 500-аас доошгүй мод бутны суулгацыг нэмэлтээр нийлүүлэх ажлыг төлөвлөөд байна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ тухай ярихдаа “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулахын төлөө Монгол Улсаас хүн төрөлхтөний өмнө хүлээж буй үүрэг, амлалт бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн юм. Байгаль, цаг уур, ган, зудын бэрхшээлд өртдөггүй хүн гэж нэг ч байхгүй. Тийм учраас мод тарьж, экологийн тэнцвэрт байдлыг хангахын төлөө хүн бүр идэвхтэй оролцох нь чухал” гэв.

Аймгийн ИТХ-аас “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулан 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны бохирдлыг бууруулах жил” болгон зарласан бөгөөд энэ чиглэлд тэрбум гаруй төгрөгийг төсөвлөөд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, зорилтот жилийн нээлтийн үеэр хог хаягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцож, сургалт явуулсан юм. Мөн аймгийн Засаг даргаас Баянтээг ХК, АУМ-Алт ХХК, Ноос-Ирээдүй ХХК, Арвайн-Илч ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, мод бут тарих, ойн зурвас байгуулах амлалтыг авлаа.

Түүнчлэн зорилтот жилийн тугийг сум, албан байгууллагуудаар аялуулах аяны гарааг нээж, Арвайхээр сумын ЗДТГ, “ӨВ-АЗЗА” ОНӨХК хүлээн авсан юм. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудаас үйл ажиллагаагаа танилцуулах үзэсгэлэнг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ