Хархорин сумынхан түүхэн ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-26 20:18:26

Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 796 жил, Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 22, 23-ны өдөр болж өнгөрлөө.

Ойн хүрээнд эрийн гурван наадам бүхий баярын үйл ажиллагаагаа зохион байгуулж, сумын аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдаас цугласан олонд хүндэтгэл үзүүлэн баярын жагсаал хийсэн ба баярын хурлаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулав.

Тухайлбал Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-аас Хархорин сум нь аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ялангуяа газар тариалан мал аж ахуйн салбарт томоохон байр суурь эзлэн амжилт гаргасан бүс нутаг гэдгийг онцлоод 10 сая төгрөийн шагналыг гардуулсан бол Хархорин сумын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн одон медаль, аймаг, сумын шагналаар шагнаж, ард иргэддээ баярын бэлэг 60 жилийн ойн медаль гардууллаа.

Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг 1220 онд Чингис хаан санаачлан зарлиг буулгаж, 1235 он буюу Өгөдэй хааны үед байгуулж байсан бол хожим хойно 1956 онд Хархорум хотын суурин дээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор Хархорин сангийн аж ахуйг байгуулсан нь өдгөөгийн Хархорин сум юм.

Өдгөө тус сум засаг захиргааны хувьд 8 багтай, 3628 өрхтэй, 12545 хүн амтай ба  2015 оны жилийн эцэст 265.0 мянган толгой мал тоологдож, 977 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, мянгат малчны тоо 26 болжээ.

Газар тариалангийн 22784.5 га талбайтай үүнээс 366 иргэн, аж ахуйн нэгж 19004.5 га газар эзэмшиж жилдээ 6000 гаруй га талбайд тариалалт хийж, 7683 тн ургац хураан авдаг аж. Тус суманд түүх соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт байгалийг түшиглэж аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгаа  2012 онд “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан, УИХ-ын 2003 оны 01 дүгээр тогтоолоор Хархорин сумыг Хангайн бүсийн тулгуур төв болгон шийдвэрлэсэн зэрэг ололт амжилтаар дүүрэн хөгжиж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ