Монгол Улсын хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ногоон эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Пипл ин Нийд (ПИН), Каритас Чех Репаблик (КЧР) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ Монголын бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн холбоотой 2030 он хүртэл хамтран ажиллана.
Тодруулбал, Европын Холбооны “SWITCH-Asia programme” хөтөлбөрийн 1.76 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг хэрэгжүүлэх юм. Ингэхдээ газар тариаланд суурилсан хүнс, ус, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 1500 бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, 30 холбоо болон 750 борлуулагчийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах аж.
Монгол Улсын хүнс, ундааны үйлдвэрлэл импортоос ихээхэн хамааралтай байгаа нь дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын үед үндэсний хэмжээний эрсдэл дагуулах магадлалтай хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзжээ. Тиймээс бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, борлуулагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг ногоон шошготой болгон баталгаажуулах, тэдэнд чиглэсэн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэх, байгальд ээлтэй, үр ашигтай ажиллах, эдийн засгийн сайн туршлагыг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах юм.
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 22.7 хувиар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилтод хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын газар тариалангийн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй анхны төсөл юм.
Энэхүү төсөл нь “Европын холбооноос дэвшүүлсэн Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна. “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь байгаль орчны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй хүнсний нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнс, ундааг сурталчлах болно” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз онцлов.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Монгол Улсын Засгийн Газар эдийн засгийг ногоон болгоход үзүүлж буй Европын Холбооны дэмжлэг, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нв Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” стратегид суурилан бизнесүүдэд ногоон шилжилт хийхэд нөлөө үзүүлнэ” гэв.
ПИН байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тим Женкинс, "Бид эдийн засгийг сэргээхийн зэрэгцээ илүү ногоон болгоход онцгой анхаарах ёстой. Энэхүү төсөл нь Европын холбооны “Тариаланчаас таны ширээнд” зарчим, Европын холбооны Ногоон хэлцэл (farm-to-fork strategy, EU Green Deal) болон дэлхийн бусад шилдэг туршлагуудыг нэвтрүүлж, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжинэ” гэлээ.