Менингоккын халдвараар нэг хүүхэд энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Менингоккын халдварын тохиолдол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулахдаа мэдээлэв.
Тэрбээр, "Менингоккын халдвар жил бүр бүртгэгдэж байдаг. Сүүлийн таван жилийн дунджаар жилд 10 орчим тохиолдол гарсан. Нэг тохиолдлыг нэг дэгдэлт гэж үздэг. Тэгэхээр жил бүр 10 дэгдэлт гардаг гэсэн үг. Сонгинохайрхан дүүрэгт энэ жил нэг айлын хоёр хүүхэд дээрх халдварыг авсан нь батлагдсан. Харамсалтай нь нэг нь нас барсан. Харин нөгөө хүүхдийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэж байна. Тандалтыг бид үргэлжлүүлж байна" хэмээв.
Халдвар гарсан тухайн бүс нутагт урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын ажлыг өрнүүлж байгаа аж.
Ташрамд дурдахад, Менингокк халдвар нь, агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаг бөгөөд халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотор 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. Халдвар авсан тохиолдолд 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой, эсвэл ноомой болох, царай цонхийх, бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт залгиур хоолойн арын хана маш их улайх, хамар битүүрэх бронхитын шинж илэрдэг. Мөн хөнгөн явцтай үед улаанбурхны тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болдог байна.
Холбоотой мэдээ

