О.Гэрэл: Монгол махыг "Yoshinoya" олон улсын сүлжээгээр дамжуулан гадагшаа гаргахын төлөө тасралтгүй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
naranmandukhai@montsame.gov.mn
2022-03-18 10:13:17

~ Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав ~

“Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал V

 

МОНЦАМЭ агентлаг Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуу бизнес эрхлэгчдийг танилцуулж байгаа билээ. Энэ удаад өнгөрсөн нэгдүгээр сард, Монголд Япон Улсын анхны түргэн хоолны сүлжээ ресторан “Yoshinoya Mongolia”-г амжилттай нээсэн “Rich Food Supply LLC” компанийн захирал Осорхүүгийн Гэрэлийг урьж ярилцлаа.

Тэрбээр Хятад Улсад суралцаж байхдаа “Yoshinoya”-гийн хоолонд маш дуртай байсан аж. Төгсөж ирээд тус сүлжээ рестораныг орж ирэхийг 5 жил хүлээсний эцэст өөрөө франчайзингийн эрх олж авахаар зорьсон  хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн ярьж байлаа. Япон Улсад суралцаж байгаагүй ч, өөрийн туршлага дээр үндэслэн Япон Улсын “Yoshinoya” түргэн хоолны сүлжээ рестораныг Монголдоо оруулж иржээ. “Yoshinoya Mongolia” нь Монгол хонины махыг хэрэглэсэн цэсийг “Yoshinoya”-гийн түүхэнд дэлхийд анх удаа гаргаж буй бөгөөд цаашид ойрын таван жилд 15 салбартай болох зорилго тавьжээ.

 



Элчин сайд Х.Кобаяши: Монгол дахь Японы анхны түргэн хоолны сүлжээ ресторан болох Yoshinoya Mongolia”-г нээсэнд тань баяр хүргэе. Ресторан нээгдээд удаагүй ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ямар байна вэ?

О.Гэрэл: Юуны өмнө Япон улсын хамгийн алдартай, №1 түргэн хоолны сүлжээ рестораныг Монголдоо амжилттай нээсэнд маш их баяртай байна. Нээлтээ хийгээд сар гаруй болж байгаа ч манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж болон борлуулалт бидний төсөөлж байснаас 200 гаруй хувиар өндөр байна. Тэр дундаа манай GYUDON буюу үхрийн махтай боулны борлуулалт хамгийн сайн байна.

 

Элчин сайд Х.Кобаяши: “Yoshinoya” нь Япон Улсад хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ юм. Японд амьдарч байсан монголчуудын олонх нь “үхрийн махтай боул”-ыг амталж байсан болов уу. Би нэлээн дээрээс “үхрийн махтай боул” монголчуудад таалагдана гэж боддог байсан болохоор “эцэст нь нэг ирлээ дээ” хэмээн маш их баяртай байна. Гэрэл захирал та ямар судалгаанд үндэслэн “Yoshinoya”-гийн “үхрийн махтай боул” Монголд таашаагдана гэдэгт итгэлтэй байсан бэ?  

О.Гэрэл: Судалгаанаас үзэхэд Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудад аялж байсан дийлэнх монголчууд “Yoshinoya”-г мэддэг. Мөн амтанд нь их дуртай нь харагдсан. Үүнээс үүдэн бид “Yoshinoya” брэндийг Монголд оруулж ирэхээр зориг шулуудан, 2 жил гаруй хугацаанд нэлээд судалгаа хийсэн. Ингэхдээ түргэн хоолны зах зээлийн судалгаа, монгол хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа, нийлүүлэлтийн сувгийн зэрэг олон судалгааг хийж энэ салбарт харьцангуй эрүүл хэрнээ, чанартай түргэн хоолны хэрэгцээ шаардлага байгааг олж харсан.

Бид Япон болон Хятад улс руу 2 сарын хугацаатай ажилчдаа сургаж, “Yoshinoya”-гийн үндсэн хоолны амт, чанарыг гаргахын тулд 2 жилийн турш туршилт судалгаа, хоол хөгжүүлэлтийг хийсэн.

Миний бодлоор “Yoshinoya” нь зөвхөн япон хүний хоол гэхээсээ илүү аль ч үндэстний хүмүүс, өдөр тутам идэхэд тохиромжтой харьцангуй эрүүл хоол юм. Монголчуудын хувьд ч будаа болон мах нь өдөр тутмын байнгын хэрэглээний дуртай хоолны нэг байдаг тул манай хоол бүх насны хүмүүст тохиромжтой гэж хэлмээр байна.

 

Элчин сайд Х.Кобаяши: “Yoshinoya Holdings” ХК-тай хэлэлцээ хийж, франчайзингийн гэрээ байгуулах хүртэлх хугацаанд хамгийн хэцүү бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

О.Гэрэл: “Yoshinoya Holdings”-ын зүгээс бидэнд шууд татгалзсан хариу өгөөгүй боловч Монголын зах зээлийг сонирхохгүй байгаа нь ажиглагдаж байсан. Харин бид уйгагүй хүсэлт тавьсны эцэст “Yoshinoya Holdings”-ын удирдлагуудтай Японд очиж уулзах зөвшөөрөл авч чадсан. Монголын зах зээл жижиг ч маш их боломж байгаа гэдгийг ойлгуулж чадсанаар энэхүү нэр хүндтэй брэндийг Монголд төлөөлөх эрхийг олж авсан. Монголоос 50 гаруй албан байгууллага, 30 гаруй хувь хүмүүс “Yoshinoya Holdings”-тай өмнө нь холбогдож байсан гэж сонссон.




 

Элчин сайд Х.Кобаяши: Өнөөдөр конвиниенс дэлгүүр, түргэн хоолны газар гэх мэт дэлхийн хэмжээнд хөгжсөн "франчайзинг" бизнесийн хэлбэр Монголд ихсэж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө хүн ам цөөн, жижиг зах зээлтэй Монголд франчайзинг хийхэд хэцүү гэгддэг байлаа. Гэрэл захирал та Монголд франчайзинг хөгжүүлэх боломжийн талаар ямар бодолтой байдаг вэ?

О.Гэрэл: Тийм ээ. Таны хэлснээр хэдхэн жилийн өмнө Монгол бол жижиг зах зээл, франчайзинг бизнес хөгжихөд хэцүү гэж ярьдаг байсан бол энэ нөхцөл байдал одоо харьцангуй өөрчлөгдөөд байна. Монголд дэлхийн болон бүс нутгийн хэмжээний томоохон франчайз бизнесүүд хурдацтай өргөжин тэлж байна. “Улаанбаатар Групп” Япон улсын франчайз бизнесийг Монголдоо нутагшуулж байгаадаа маш их баяртай байгаа. Монголд франчайз бизнесийг хөгжүүлэх боломж байгаа бөгөөд тэдгээрийн ноу-хау, стандарт арга барилыг нэвтрүүлснээр дотоодын үйлчилгээний соёл, стандартыг түргэн хугацаанд дэлхийн түвшинд гаргаж ирэх боломж бүрдэх юм. Үүний тулд Франчайз бизнесүүдээс мэдсэн сурснаа бусдадаа хуваалцаж, мэдээллээ солилцож байх нь дотоодын бизнесүүдийн хувьд их чухал.

 

Элчин сайд Х.Кобаяши: Амт болоод үйлчилгээний чанараа хадгалахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

О.Гэрэл: Түргэн хоолны рестораны бизнесийн хувьд амт болон үйлчилгээний чанараа хадгалах нь маш чухал. Бид “Yoshinoya”-гийн үндсэн амт, чанар стандартыг хадгалахын тулд тасралтгүй суралцах арга барилыг ашиглаж байна. Мөн бусад ресторанд байхгүй 122 жилийн түүхтэй франчайзинг бизнесийнхээ ноу-хау дээр тулгуурлан меню хөгжүүлэлт, ажилчдын боловсрол, эрүүл ахуй дээр ажиллаж байна.

 

Элчин сайд Х.Кобаяши: Yoshinoya Mongolia” ресторан нь Японд байдаггүй “хонины махтай боул”-ыг нэвтрүүлсэн байдаг. Түргэн хоолны сүлжээний нэг давуу тал нь хаана ч очсон ижил төрлийн хоолыг сэтгэл амар идэж чаддагт оршдог гэж би боддог. Тэр өнцгөөс харвал “хонины махтай донбүри” нь томоохон сорилт байсан болов уу гэж бодож байна. Харин энэхүү сорилтыг “Yoshinoya Holdings” шууд хүлээн зөвшөөрсөн үү?

О.Гэрэл: Бидний хувьд хамгийн чухал зүйл бол яг Японд байдаг ижил төрлийн амт чанар, стандартыг монгол хүмүүстээ хүргэх. Гэхдээ үүний хажуугаар тухайн бүс нутгийнхаа хүмүүсийн онцлогт тохирсон хоолоор үйлчлэх явдал. “Yoshinoya Holdings”-ын зүгээс монгол хонины махтай хоолыг менюндээ нэвтрүүлэхэд нааштайгаар хүлээж авсан. Бид анх удаа монгол хонины махтай хоолыг Япон чанар стандартаар хүргэж байгаадаа маш их баяртай байгаа. Дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээний хоолны цэст монгол хонины махтай хоол нэвтэрч байгаа нь монгол махны чанарыг олон улсад таниулах нэг томоохон алхам боллоо гэж харж байна. Цаашид бид монгол махыг Yoshinoya олон улсын сүлжээгээр дамжуулан гадагшаа гаргахын төлөө тасралтгүй ажиллах болно. Манай монгол хонины махтай донбүрид үйлчлүүлэгчид ам сайтай байгаа.

 



Элчин сайд Х.Кобаяши: Ерөнхийдөө ресторан үйлчилгээний үйлдвэрлэл коронавируст цар тахлын нөлөөнд томоохон цохилтод өртсөн билээ. Нөгөөтээгүүр авч явах эрэлт нэмэгдэж байгаа гэж сонссон. Энэхүү хүнд бэрх нөхцөлд Yoshinoya Mongolia” рестораны хувьд хамгийн их анхаарлаа хандуулж буй зүйл юу байна. Ирээдүйн зорилгын хамтаар ярьж өгнө үү?

О.Гэрэл: Тийм ээ, коронавирусний улмаас аялал жуулчлал, үйлчилгээний салбар тэр дундаа рестораны бизнес маш хүнд цохилтод орсон. Гэхдээ дэлхий нийтээрээ коранавирустэй мөр зэрэгцэж ажиллаж байгаа энэ үед бид ч гэсэн дасан зохицож ажиллаж байна. Цаашдаа Монголдоо 5 жилийн хугацаанд 15 салбар ресторан нээнэ. Мэдээж бид техник технологийн ололтыг ашиглан цар тахлын нөхцөл байдалтай зохицон ажиллахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй бид хүргэлтийн үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж байгаагаа дуулгахад таатай байна.

 

Элчин сайд Х.Кобаяши:Yoshinoya Mongolia” ресторан бодит биеллээ олох хүртэлх үйл явцад танд Япон улс болон япончуудын талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ. Мөн Япон Улстай бизнес эрхлэхийн сацуу Монголын бизнес эрхлэгчдэд өгөх зөвлөгөө байвал та дурдана уу?

О.Гэрэл: Япон хүмүүсийн талаар ийм тийм сэтгэгдэл төрсөн гэхээс илүүтэйгээр бидний хувьд тэднээс маш их зүйл сурах хэрэгтэй гэж боддог. Бид Япон лугаа адил хөгжихийн тулд япон хүмүүс шиг нягт нямтай, шаргуу ажиллах хэрэгтэй. Бид Yoshinoya франчайзаар дамжуулан япончуудын ажилч хичээнгүй зан чанараас суралцахыг өдөр бүр хичээн ажиллаж байна.

 



О.Гэрэл: Танд Монголд Улсад “Yoshinoya”-гийн үхрийн махтай боулыг идэхэд ямар санагдсан бэ?

Элчин сайд Х.Кобаяши: Би Токиод Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа, үдийн цайны цагаараа Газар, Зам Тээврийн яамны дотор байдаг Yoshinoya”-д их ордог байлаа. Төрийн байгууллагын доторх цайны газар учраас захиалгын хоолоо лангуун дээрээс авчхаад, ямар ч гоёл чимэггүй том зааланд ширээний ард суугаад иддэг байлаа. Гэхдээ хоолны соёлд тухайн газрын уур амьсгал их чухал байдаг.

“Yoshinoya Mongolia”-гийн үхрийн махтай донбури нь миний мэдэх тэр л сайхан амт байна. Гэхдээ уур амьсгал нь илүү гэрэл гэгээтэй, тав тухтай байлаа.

Харин Монголд ЭСЯ-аас наашаа хүртэл цайны цагаараа ирж амжихгүй тул, дараагийн салбар ойрхон нээгдтэл, хүргэлтээр үйлчлүүлмээр байна.

 

О.Гэрэл: Та “Yoshinoya” Монголд нээгдэх нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Улаанбаатар хотод япон хоолны газар төдийгүй япон хоолоор үйлчилдэг олон ресторан байдаг. Тэдгээр газар нь Японы хоолны соёлыг Монголын ард түмэнд таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. “Yoshinoya” Монголд нээгдсэнээр олон монголчууд Японы хоолны соёлын нэгэн хэсэгтэй танилцахад илүү дөхөм боллоо. Дээрээс нь эндээс Японтой ижилхэн чанар, үйлчилгээг мэдэж болно. Монголчууд япон машин гэх мэт өндөр чанарыг мэддэг болсон бол одоо үйлчилгээний өндөр түвшинг үнэлдэг болно гэж итгэж байна. Мөн Гэрэл захирлын дурдсанчлан “Yoshinoya Mongolia”-гийн амжилт нь Монгол дахь бизнесийг бүхэлд нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Японы хөрөнгө оруулагчид болон компаниуд Монголыг илүү сонирхоно гэдэгт итгэлтэй байна.

 

О.Гэрэл: Японы Элчин сайдын яамны зүгээс Монгол Японы бизнесийн хамтын ажиллагаа, харилцааг дэмжихэд ямар бодлого баримталж ажилладаг вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд, хоёр улсын аль алиных нь хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгчид хоорондоо зөвшилцөх шаардлагатай. Бизнесийн гол дүр бол хувийн хэвшлүүд өөрсдөө л байдаг учраас, ширүүн өрсөлдөөн дунд л илүү үр ашигтай, чанартай бизнесийг хөгжүүлж чадна гэж үзэж байна. Хоёр улсын Засгийн газрын хийж чадах зүйл бол ийм бизнесийн хамтын ажиллагааг дэмжих орчинг бүрдүүлэх явдал юм. Японы компаниуд Монгол Улсад төрөл бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь хоёр орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Энэ үүднээс бид (1) Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, (2) хамтран ажиллах боломжтой Монголын компаниудад дэмжлэг үзүүлэх, (3) ялангуяа Японы бизнес эрхлэгчдэд зориулж Монголын нийгмийн өнөөгийн байдал, бизнесийн боломжийн талаарх мэдээллийг түгээхэд анхаарч ажилласаар байна. Гэсэн хэдий ч коронавируст халдварын тархалтын улмаас санаснаар хэрэгжүүлэхэд төвөгтэй асуудлууд их тулгарч байна. МОНЦАМЭ агентлагтай хамтран зохион байгуулж буй энэхүү яриа нь хоёр улсын уншигчид “Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагаа”-ны талаар багахан ч гэсэн мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.



 


Холбоотой мэдээ