Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарт батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-22 11:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалтад хамрагдсан  суралцагчдад сургагч багшийн батламж гардууллаа.


Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанк, ХХААХҮЯ хэрэгжүүлж байна. Төлөвлөгөө хэрэгжүүлэхэд ЖДҮГ, СЗХ, нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, МҮХАҮТ, Монголын банкны холбоо зэрэг байгууллага оролцож байгаа. 


Батламж гардуулах үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энтайван хэлэхдээ, “Бид жижиг, дунд үйлдвэрийн салбарт анхаарлаа хандуулан дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Дунд хугацааны төлөвлөгөө нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдаатай болгох, үр дүнг нэмэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бичил, жижиг, бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар дээшилж, зөв хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэжээ.


Монгол Улсад 2020 оны байдлаар 190,830 аж ахуйн нэгжээс 94,492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв. Тэдгээрийн 67 хувь буюу 64.252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52.5 хувь буюу 614 346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, ДНБ-ий 17.8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2.4 хувийг үйлдвэрлэж байна.

Нийслэлд ЖДҮ-ийн салбарын 43 236 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. ЖДҮ эрхлэгчдийн 93.1 хувь нь 1-9 ажилтантай, 6.3 хувь нь 10-49 ажилтантай, 0,6 хувь нь 50-199 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ