“Надад нэг илүү ном байна” аяныг өрнүүлж, сурагчид 322 ном хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-22 15:27:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2а ангийн эцэг эхчүүд санаачилгаараа чөлөөт номын сан байгуулж, түүний үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулжээ.

Бага ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх, тэдний уншиж ойлгох, ярих чадварт ахиц гаргах зорилгоор байгуулсан номын сангийн үйл ажиллагааг сурталчлах, номын фондыг өргөжүүлэхийн тулд  нийт сурагчдын дунд “Надад нэг илүү ном байна” аяныг өрнүүлж, сурагчид 322 ном хандивлалаа.

Хандивын номоор анги тус бүр үзэсгэлэн гаргаж, хамгийн олон ном хандивласан 5а ангийг шалгаруулан  урамшуулж, мөн хамгийн ховор нандин (сонгодог 100 үлгэр) ном хандивласан 5а ангийн сурагч Г.Үүрийнгэгээг шагнажээ.  

Түүнчлэн сургуулийн 18 бүлгийн 520 сурагчийн дунд номын сангийнхаа номын агуулгаар “Мөнгөтэй зочин” асуулт хариултын уралдаан зохион байгуулж, Энхтуул багштай 3а, Мөнхзаяа багштай 3в, Санжмаа багштай 5б, Оюунханд багштай 5в, Баярцэнгэл багштай 5а, Саруул багштай 4а, Өлзийжаргал багштай 1а, Энхмаа багштай 1б ангиуд амжилттай оролцон, мөнгөн шагналаа авч үлдсэн байна.

Эцэг эхийн төлөөлөл Г.Энхмаа хэлэхдээ "Бид шатны доод талын ашиглагддаггүй хонгилыг тохижуулан, номын сан байгуулж, эхний удаа идэвхжүүлж ажиллалаа. Цаашдаа улирал бүр хүүхдүүдийн ном унших сонирхол идэвхийг өрнүүлэх, оюун ухааныг тэлэх уралдаан тэмцээн зохион байгуулна" гэлээ.

Холбоотой мэдээ