Орхон аймагт кино театр барих компани “олдохгүй” байна

ОРОН НУТАГТ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:04:55

Сүүлийн үед Монгол Улсад кино урлаг эрчимтэй хөгжихийн хэрээр хөдөө орон нутагт кино театр байгуулах шаардлага гарч байна. Иймд Орхон аймаг 2012 оноос кино  театр байгуулахаар хэд, хэдэн удаа оролдсон боловч харамсалтай нь бүтэлгүйтсээр байна.

Учир нь канад модон технологиор кино театр байгуулна гэж барилгын ажлаа эхлүүлсэн ч үйлчилгээнд тохиромжгүй хэмээн төмөр бетонон хийцтэй болгож өөрчилсөн. Одоогийн байдлаар барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэтэл  гүйцэтгэгч “Зориг Дархан” ХХК үүнээс цааш ажиллах  боломжгүй хэмээн мэдэгдэж уг барилгыг Орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед 1.2 тэрбум төгрөг зарцуулсан аж. Иймд аймгийн удирдлагууд үүнийг хувийн хэвшилд шилжүүлж анх зарцуулсан хөрөнгөө буцаан авахаар болсон. Барилгыг гүйцээн барих компанийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан ч ямар ч санал ирээгүй байна. Уг нь “Өргөө синема” ХХК эхний шалгаруулалтад саналаа ирүүлсэн ч зарим шаардлагыг нь хангаагүй ажээ. Монгол Улсад кино театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компани бий. Бүгдэд нь хамтран ажиллах санал хүргүүлжээ. Тендерт  тавигдаж буй гол шаардлага нь анх зарцуулсан хөрөнгийг орон нутагт төлөх, таван жилийн дотор зөвхөн кино театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж тусчээ.

Кино театр нь 300 хүний суудалтай бөгөөд  450 м.кв талбайтай, нийт газрын хэмжээ  8000 гаруй м.кв ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд