Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эх дэлхийд ээлтэй ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-29 13:21:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс ишлэл авч уншигч танд  хүргэе.


  • Цар тахлын хүндрэл бүрэн дуусаагүй байхад дэлхийн геополитикт хүчтэй доргилт өгсөн зэвсэгт мөргөлдөөн бүхий хямралт байдал давхцсан нь олон улсын нийгмийн амьдрал, эдийн засагт үнийн өсөлт, хүнсний хомстол зэрэг нэн амаргүй эгзэгтэй байдлыг бий болгож байна.

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, “Монголын эдийн засгийн форум-2022” нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөмж гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

  • Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь цөлжих эрсдэлд орж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жилээс жилд урагшилж, хүн, мал дайжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм.

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох билээ.

  • Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг онцлон тэмдэглэж байна.

  • Бид олон улсын чиг хандлагатай нийцүүлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго”, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаанд нийцсэн эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “цөлжилтийг сааруулж элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг” хэмээн онцгойлон тусгасан.

  • “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм аа.

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно гэжээ.
Холбоотой мэдээ