Норико Като: Ногоон бондыг олон талын дүн шинжилгээн дээр тулгуурлан гаргадаг

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-30 15:32:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы хүрээнд өнөөдөр 3 хэлэлцүүлэг өрнөлөө. Тэдгээрийн нэг “Ногоон санхүүжилт-Санхүүгийн салбарын үүрэг оролцоо” хэлэлцүүлэгт оролцсон  “Голомт” банкны гүйцэтгэх захирал Норихико Катогоос бид ногоон санхүүжилтийн талаар тодруулав.


-Хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах замаар ногоон санхүүжилтийг бүрдүүлэх талаар их ярьж байна. Банк, санхүүгийн байгууллага, компани, ААН-үүд ногоон бонд гаргахад ямар шаардлага тавьдаг вэ?

-Ногоон бонд нь дан ганц банк, санхүүгийн байгууллагаас гадна компани, ААН-үүдэд уур амьсгалын эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулахад том боломж олгодог санхүүжилтийн төрөл юм. Монголд энэ нь шинэ зүйл. Учир нь энэ талын санхүүжилтийн жишээ их, олон улсад аль хэдийн хөгжсөн зүйл. Гол нь Монгол Улсад үүнийг ярьж хэрэгжүүлж эхлэх гэж буй нь сайн хэрэг. Бонд гаргах шалгуур нь уг санхүүжилтийг ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж буйгаар дүгнэж, зориулалтаар нь ач холбогдлыг тодорхойлох зэргээр олон талаас нь судалсан дүн шинжилгээн дээр тулгуурлан ногоон бонд гаргах зөвшөөрөл өгдөг.




-Олон улс дахь ногоон санхүүжилтийн өөр, бусад механизмын жишээнээс хуваалцана уу?

-Жишээ нь, Японд ногоон санхүүжилтийн нэгдсэн, зээлийн механизм (JCM Joint crediting mechanism)-ыг хэрэгжүүлдэг. Энд юуны өмнө ногоон санхүүжилт шаардлагатай төслүүдийг сонгон шалгаруулаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилготой, шалгарсан төслүүдэд Засгийн газраас грант буюу тэтгэлэг, татаас өгөх хэлбэрээр ногоон санхүүжилтийг дэмжин бүрдүүлдэг. Хамгийн гол шалгуур нь ногоон эдийн засгийг дэмжсэн, ногоон хөгжилд зориулагдсан төсөл байх ёстой.

-Танай банк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй ногоон санхүүжилтийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай банк энэ хүрээнд 5 чиглэлээр ажиллаж байна. Ногоон санхүүжилт нь шинжлэх ухааны үндэслэлтэй явагдах учир бид юуны өмнө хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгааг хийж байна. Мэдээж ногоон зээлийн санхүүжилтийг олгоод явж байна. Манай ногоон зээлийн багц 8 үндсэн ангилалд хуваагдаж олгодог. Эдгээр нь сэргээгдэх эрчим хүч, бага бохирдуулагч эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, тогтвортой ойн менежмент болон ойг хамгаалах, карбон бага тээвэр ордог.


Байгууллага дотроо гэвэл бид ажилтнуудаа ногоон эдийн засагт шилжих, экологийн үйл ажиллагаанд сурган чадавхжуулж байна. Энэ бүх ажлаа ил тод, нээлттэй тайлагнадаг. Өнгөрсөн жил бид "Тогтвортой хөгжлийн бодлого"-ын хүрээнд банкны гадаад болон дотоод үйл ажиллагаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг харуулсан "Тогтвортой хөгжлийн тайлан"-г гаргасан. Манайх ер нь тогтвортой бизнесийн үйл ажиллагааг явуулах, нийгэм, байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, сэтгэл ханамжтай ажлын байрыг бий болгох стратегийн үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг зорьж байгаа. 


Жишээ нь, манай банк нийгмийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг 2 дахь жилдээ ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажилласан. Үүн шиг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ногоон хөгжлийн төлөө, ногоон санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор байгууллага, ААН, компаниудтай хамтран ажиллахад бэлэн, нээлттэй байгаа. Ногоон хөгжил, ногоон санхүүжилт, ногоон эдийн засаг гээд яриад байхдаа биш, бид бүхэн бодит ажил хийж байх учиртай тул тайлан гаргаж үйл ажиллагаагаа дүгнэж, ногоон санхүүжилтэд оруулж буй хувь нэмрээ байнга үнэлж хянаж явдаг. 

Холбоотой мэдээ