ОХУ-ын компаниуд хийн хоолой дамжин өнгөрөх аймаг, орон нутгийн удирдлагатай уулзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-04 19:23:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой Монгол Улсын нутгаар хойноос урагшаа чиглэлд 962.9 км газрыг хамран 6 аймгаар дамжин өнгөрнө. Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын талаас байгалийн хийн хоолойн судалгааны ажлыг эхлүүлж гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор хийн хоолой дамжуулах ажлыг гүйцэтгэх, судалгаа шинжилгээ хийх ОХУ-ын компаниуд Монголын талтай буюу хийн хоолой дамжин өнгөрөх аймаг, орон нутгийн удирдлагатай анхны уулзалтаа хийж эхэллээ. 




Уулзалт Дархан-Уул, Төв аймгаас эхэлж байна. Тухайлбал, ОХУ-ын “Газопровод Союз Восток”, “Союз Восток” компани болон “Эрдэнэс газ” төслийнхөн хийн хоолой нутгаар нь 38.3 км зурвас газар дайран өнгөрөх Дархан-Уул аймгийн удирдлагатай өнгөрсөн 7 хоногт уулзав. Уулзалтаар:

  • “Союз Восток” компани хий дамжуулах хоолойн төслийн инженерийн судалгаа гүйцэтгэх зөвшөөрөл олгох,
  • “Газопровод Союз Восток” ХХК хий дамжуулах хоолойн ойролцоо орших нэгж, талбарын эзэмшлийн болон зориулалтын талаарх мэдээллийг хүлээн авах,
  • “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төсөл-судалгааны болон барилгын ажил гүйцэтгэхэд хамтран ажиллах хариуцлагатай албан тушаалтныг орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлох зэрэг асуудал бүхий саналыг аймгийн удирдлагад тавьж, мэдээлэл солилцов.

Аймгийн удирдлага ОХУ-ын талаас тавьсан саналуудыг дэмжин, асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан санал солилцов. Энэ талаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.К.Асеев хэлэхдээ, “Энэ бол Монголын аймаг, орон нутгийн Засаг дарга, удирдлагатай хийж буй бидний анхны уулзалтын нэг. Бид хийн хоолойн ажлын судалгаа-шинжилгээний эхний төслөө танилцуулан мэдээлж санал солилцлоо. Хийн хоолойн эхний ажлуудад орон нутгаас ажиллах хүч оролцох бүрэн боломжтой.



Мөн төслийн барилгын ажилд орон нутгаас хангамж хийх, барилгын материал нийлүүлэх бололцоотой. Цаашлаад хийн хоолой ашиглалтад орсон нөхцөлд хий ашигласнаар Дархан хотынхон байгалийн хийн эхний хэрэглэгч болж, ингэснээр эко хот болох боломжтой”-г тэрээр тодотгон онцоллоо.

Байгалийн хий дамжуулах хоолой нь Дархан-Уул аймгийн нутгаар 1 км өргөнтэй 38.3 км урттай дамжин өнгөрөх юм. Харин улсын нийт нутгийн хэмжээнд 6 аймгийн 20 сумаар дамжин өнгөрнө. Энд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймаг, Улаанбаатар хот орж байгаа юм.







Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой нь ОХУ-ын Зүүн Сибирийн нөөцөөс эх аван, БНХАУ-ын Харбин, Далян, Бээжин, Тянжинь, Нянжинь, Шанхай зэрэг хүн ам ихтэй, өндөр хөгжсөн хотуудыг 30 жил хийгээр хангах аж. Цаашдаа Хойд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг улстай холбогдон, байгалийн хийгээр Азийн эдийн засаг өндөр хөгжсөн, бусад улс орныг хангах экспортлох, стратеги болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой сүлжээ болох юм гэдгийг ОХУ-ын тал онцолж байна. 



Холбоотой мэдээ