Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийг агаар, хөрс, орчны бохирдлоос хамгаалах, иргэдийг орон сууцжуулах, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд энэ онд 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхонгор сумын ЗДТГ-аас "Нийтийн орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлэх" төслийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Дуурсах 3 дугаар багийн “Эрх чөлөөний 1 дүгээр гудамж”-д байрлалтай 8 нэгж талбарт 5-8 давхар нийтийн орон сууц барих бол тус багийн “Хонгор-1000“ хорооллын 10 нэгж талбарт 7 давхар нийтийн орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Гэгээн шавь багийн “2, 3 дугаар гудамж”-д байрлалтай 14 нэгж талбарт 80 айлын 4 блок, 5 давхар нийтийн орон сууц барихаар болсон байна.
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд төсөл сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгийн жагсаалтыг Баянхонгор сумын ЗДТГ-ын 206 тоот өрөөнөөс авах боломжтой.