“Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-09 14:02:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Монголын сувилагчийн нийгэмлэгтэй хамтран “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт тус аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болох Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв болон сум, өрхийн 17 байгууллагын 86 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд тус аймгийн Засаг даргын орлогч Д.Алтанзагас 2020-2024 онд орон нутагт хийгдэж буй томоохон ажлууд, төсөл хөтөлбөрийг танилцуулав. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж, шинээр барих 120 айлын орон сууцанд ороход урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн коронавирусний халдварын үед улаан бүсэд ажилласан аймгийн төвийн 420 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болсон тухай танилцуулсан юм.

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1047 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас 277 сувилагч юм.  


Холбоотой мэдээ