"Хог биш ээ, мөнгө" хөдөлгөөнийг өрнүүлж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-04-12 19:30:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын захирагч Г.Энхбаярын санаачилгаар "Хог биш ээ, мөнгө" хөдөлгөөнийг Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ, БОАЖГ, “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Цэвэр хот” ОНӨААТҮГ, “Эко Баянхонгор” төсөл, “Хонгор дуулим” ХХК, “Хөгжлийн ертөнц ТВ-10” телевиз, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ хамтран албан ёсоор эхлүүллээ.

Тус хөдөлгөөн нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагууд  иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох, түүнийг хэвшүүлэх зорилготой.

“Хог биш ээ, мөнгө” хөдөлгөөний нээлтэд оролцохдоо аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, “Хогийг хаях биш, мөнгө болгож авах томоохон боломж гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Дараагийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн бэлэн бүтээлийг ч та бид энд харлаа. Байгаль орчноо хайрласан, эдийн засгийн ач холбогдолтой, хоггүй цэвэр хотын төлөөх үр дүнтэй үйл ажиллагаа бүрийг дэмжиж хамтран ажиллах болно” гэлээ. 

Уг бүх нийтийн хөдөлгөөнийг иргэд олон нийт, соёл урлагийнхан, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд чин сэтгэлээсээ дэмжин оролцож, өөр өөрийн уриалга лоозонг барин, хогийг ангилан ялгах, хаана хэдэн төгрөгийн ханшаар худалдаалах болон хаягдлаар юуг хэрхэн үйлдвэрлэж болох талаар тодорхой ойлголт мэдлэгтэй болсон юм. 

Баянхонгор сумаас хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг байна. Тус хог хаягдлыг хэрэв ангилан ялгаж, дараагийн үйлдвэрлэлд шилжүүлбэл юу болох тухай мэргэжлийн байгууллагууд буюу хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, дахивар хог хаягдлыг худалдан авагч нар цугласан иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч байлаа. Иргэд хогоо ангилан ялгаж, зохих үнээр нь авах газарт нь тушааж хэвших нь байгаль орчин, эдийн засагтаа үзүүлж чадах хамгийн том хөрөнгө оруулалт болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.