Европын Холбооны төслөөр орон нутагт үйлдвэрлэгч 80 бүлэг байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос манай
улсад нийгмийн хамгаалал, хөдөө орон нутгийн эдийн засаг, иргэний нийгмийн чадавхийг
бэхжүүлэх 3 төслийг өнгөрсөн 2-4 жилд хэрэгжүүлжээ. Тодруулбал, Завхан аймгийн
эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, Сэлэнгэ аймагт хүүхэд хамгаалал
чиглэлээр “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсоох”, мөн нийслэлд ковидын
цар тахлын эсрэг хариу үйл ажиллагаа явуулах гэсэн төслүүд юм.
Төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд боллоо. Хаалтыг ажиллагааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксел Никэйз нээж хэлэхдээ, “Бид өнгөрсөн хугацаанд олон улсын “Дэлхийн зөн” байгууллагаар дамжуулан нийт 2.1 сая еврогийн төслийг 4 аймаг, нийслэл хотын 3 дүүрэг хэрэгжүүлж, үүнд 3767 өрх, 8453 иргэн, 7598 хүүхэд хамрагдсан”-ыг дурдаад, төсөл хэрэгжсэн бүс нутгуудын иргэд, гэр бүлүүдэд төслийн үр шимийг хүртээхэд, амьдралд нь эерэг өөрчлөлт, нөлөө үзүүлэхэд хүн бүрийн оруулсан хувь нэмэр үнэ цэнтэй байсныг тэмдэглэн хэлж байв.
Тэрээр, Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төсөл иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг чадавхжуулахад анхаарч, чиглэж байдаг хэмээн онцолж байв. Ингэхдээ засаглалыг сайжруулах, төслийн болон санхүүгийн удирдлага, боловсролыг дээшлүүлэх, нийгэм дэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, өрхийн амьжиргаанд чиглэж, иргэний нийгмийн 90 байгууллагын чадавхийг бэхжүүлснийг тодотгов. Төслүүдийг хэрэгжүүлэхэд гарсан бэрхшээлийг талаар хэлэхдээ, ковидын цар тахлын хүнд нөхцөл байдал бидэнд тулгарсан хамгийн том сорилтын нэг байж бид нийгмийн амьдрал гарсан ноцтой үр дагаврыг “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд гэтэлж, хэрэгтэй цаг үед тус дэм болсон гэдэгт итгэж байна гэв.
Төслийн хаалтын
ажиллагаанд “Дэлхийн зөн Франц” байгууллагын төлөөлөгч Натали Бришар цахимаар
оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр Завхан аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл
ажиллагаанд оролцсон бөгөөд Монголын хөдөө, орон нутагт хэрэгжсэн төслийн үр
дүн нь иргэний нийгмийн 35 байгууллага, аймгийн удирдлага, 12 сумын Засаг
даргын Тамгын газар, нийт 11 мянган иргэн хамрагдсан олон талын хамтын ажиллагаа
байсан хэмээн дүгнээд, “Бид хүнд хэцүү цаг үед хөдөө, орон нутагт бизнес
эрхлэлтийг дэмжиж чадсан, олон хүний итгэл үнэмшлийг бий болгосон” гэдгийг
онцолж байв.
Төслүүдийн талаар хэрэгжилтийг
хангаж ажилласан олон улсын “Дэлхийн Зөн” байгууллагын Үндэсний захирал
Б.Болорцэцэгээс тодруулав.
-Төслийг хэрэгжүүлэх явцад
ямар бэрхшээл гарч байв?
-Хэрэгжүүлж эхлэхэд саад
бэрхшээл мундахгүй гардаг. Энд хамгийн гол нь төслийн үйл ажиллагаа, зорилгыг хамтран
хэрэгжүүлэх ТББ-ууд, иргэд эхлээд юу хийх, яаж оролцохоо өөрсдөө сайн ойлгохгүй,
бэлэн юм шаардах байдалтай байсан нь гол бэрхшээл байв. Эхний нэг жилдээ тэр
шүү дээ. Гэтэл төсөл дуусах дөхөөд ирэх үед иргэний нийгмийн байгууллагын
төлөөлөлтэй уулзахад, “Бид чинь хүнээс юм нэхэхдээ гол нь биш, энэ чинь бидний
хийх, өөрсдөө оролцох ажил юм байна. Бид хийхэд бэлэн байна” гэсэн байдлаар иргэний
нийгэм, иргэдийн оролцооны хувь нэмэр, үүргээ мэддэг болж, хандлага, ойлголт нь
өөрчлөгдсөн. Сүүлдээ тэд, тэр нийслэлд байгаа ТББ-уудыг аваад ирээч, бид
туршлагаа хуваалцая” гэдэг болсон. Үүнийг хамгийн том үр дүн гэж үзэж байна.
-Төслүүд амьдрал дээр ямар
бодит үр дүн өгөв?
-Юуны Европын Холбоо манай улсын нийгэмд тулгарч буй бэрхшээлтэй, хүнд асуудлыг харж чаддаг юм байна. Үүнийг сайжруулах нь зүйтэй юм байна гэдгийг тодорхойлж чадаж байна. Тэдгээрийг шийдэж хэрэгжүүлэх санхүүжилт, боломжийг олгож буйд талархаж байна. Үр дүн гэвэл хөдөө, орон нутагт үйлдвэрлэгч бүлгүүдийг бий болгож, цаашид аймаг, орон нутгаа хөгжүүлэх, аваад явах тэр сонголт боломжийг олгож буй нь хамгийн гол үр нөлөө юм. Үүнийг орон нутгийн иргэд, өрхүүд төрөл бүрийн сургалтаар олж авсан. Завхан аймгийн 12 суманд, нийт 80 үйлдвэрлэгч бүлэг байгуулагдан үүнд 557 өрх хамрагдаад байна.
Төслийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ явуулж, үйл ажиллагаа эрхэлдэг 11 ТББ ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас магадлан итгэмжлэл аваад байна. Энэ нь манай иргэний нийгмийн байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс тавьж шаардлагыг ханган биелүүлдэг болж байна гэсэн үг. Ингэснээр төрөөс төсөв мөнгө авдаг болж, тэрийгээ нийгэмд зарцуулдаг болж, хамгийн гол нь тэд мөнгө нь дуусахаар төсөл болон үйл ажиллагаа нь зогсдог биш болж байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр