Иргэд хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-24 14:48:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн “Investment expo-2022” уулзалт, өдөрлөг “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Хөрөнгийн зах зээлийг хүн бүрд ойртуулах зорилготой тус үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын талаарх ойлголт мэдээллийг үнэ төлбөргүй түгээж, нээлттэй зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтын ЭКСПО-д 1300 иргэн оролцож, ирсэн иргэд хувьцаа, бонд, банк санхүү, хөрөнгө оруулалтын сангийн нийт 20 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авав. Мөн бүтэн өдрийн турш салбар бүрийн топ захирлуудын туршлагатай танилцаж, мэргэжлийн болон салбарын экспертүүдээс хөрөнгө оруулалтын боломж, давуу тал, мөнгөө өсгөх зөвлөгөө авлааТодруулбал, тус арга хэмжээний үеэр иргэд:

  • Хөрөнгө оруулалтын хадгаламж,
  • Кастодиан банкны үйлчилгээ,
  • Банкны IPO болон хувьцаа,
  • Хөрөнгө оруулалтын нөхцөл боломжууд,
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг бүхий л мэдээлэл зөвлөгөөг авлаа.




Хөрөнгө оруулалтын ЭКСПО-гийн үеэр “Монос Хүнс” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн юм. Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 79.95 хувь нь оролцож компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж батлав. Өнгөрсөн онд тус компанийн цэвэр ашиг 101 хувиар өсөж, үүний үр дүнд нийт хувьцаа эзэмшигч нарт цэвэр ашгийн 40 хувь буюу 817.7 сая төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэв.




Мөн Хөрөнгө оруулалтын ЭКСПО-гийн үеэр дуулдсан нэг таатай мэдээ нь хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээж авч эхэлсэн явдал юм. Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “ЭТТ” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС-ын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гаргаж байгаа юм.




”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК", туслах андеррайтераар  "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байна. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900 мянган ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4 хувь"-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 6 сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг үнэт цаасны бүх компаниар дамжуулан энэ оны 4 дүгээр сарын 25-29-нд хүлээн авч байна

Холбоотой мэдээ