“Nissan” компани мөргөлдөхөөс сэргийлэх технологийг 2030 он гэхэд автомашинууддаа суурилуулна

ДЭЛХИЙД | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-25 17:09:56

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани шинэ автомашинуудаа 2030 он гэхэд мөргөлдөхөөс сэргийлэх технологиор тоноглохоор төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь тээврийн хэрэгслийн эргэн тойрны мэдээллийн тусламжтайгаар жолоочид туслах технологи юм.


Тус компани нь объектуудын хэлбэр, зайг нарийвчлан тодорхойлох мэдрэгчтэй, онцгой байдлын нарийн төвөгтэй нөхцөлд ч мөргөлдөхөөс зайлсхийх үйлдлийг автоматаар гүйцэтгэдэг шинэ технологийг бүтээх ажлаа 2020-иод оны дунд үе гэхэд бүрэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.


Цахим танилцуулгын үеэр үзүүлсэн дүрс бичлэгт тээврийн хэрэгслийн мөргөлдөхөөс автоматаар сэргийлэх технологи ажиллаж, зам хөндлөн гарч байсан биетийн өмнө зогсож байгаа нь харагджээ. 


“Одоогийн жолоодлогын тусламжийн технологиор ослын 30 орчим хувиас сэргийлж чадна гэж бид үзэж байгаа бол автоматжуулсан технологиор энэхүү үзүүлэлтийг 90 гаруй хувьд хүргэх боломжтой гэж бодож байна” гэж компанийн өндөр албан тушаалтан Такао Асами хэлжээ.


Nissan” компанийн мэдээлснээр, энэхүү технологийн тусламжтайгаар тээврийн хэрэгсэл өндөр нарийвчлалтай “Lidar” мэдрэгч болон камерууд, радарын цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн 300 метрийн зайд байгаа саадыг илрүүлэн эгнээ солих зэргээр яаралтай маневр хийнэ.


Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд мөргөлдөхөөс сэргийлдэг автомат жолоодлоготой технологийг бүтээх өрсөлдөөн улам ширүүссээр байна.


Тухайлбал, “Nissan”-ы дотоодын өрсөлдөгч “Honda Motor” компани жолооч нарт болзошгүй зам тээврийн ослын талаар анхааруулах, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй ослоос сэргийлэх хиймэл оюун ухааныг бүтээж, 2020-иод оны дунд үеэс тээврийн хэрэгслүүдээ тоноглохоор төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ