Буянт голын ай сав дагуу 10 га газарт мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-28 19:57:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд газар тариалан эрхэлж буй 240 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдний ажлыг дэмжих, тариалалт хийхэд анхаарах асуудлын мэдээлэл солилцох зорилгоор “Газар тариалан эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Хаврын тариалалт эхэлж байгаатай уялдуулан орон нутгийнхаа иргэдийг эрүүл аюулгүй хүнсний ногоо, жимсээр хангах зорилтын дагуу энэхүү зөвлөгөөнийг Жаргалант сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан

Улмаар тариаланчдаас гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийг урьж оролцууллаа. 

Энэ үеэр газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төрөөс баримталж буй бодлого, томоохон үйл ажиллагаа, “Газар тариалангийн цахим систем, бүртгэл”, төмс, хүнсний ногоо тариалах арга технологи, ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл солилцов.      

Жаргалант сумынхан газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн зээл олгох, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд ногоон байгууламж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ногоочдын хувьд ч мөн хаврын тариалалтын ажлаа эхлүүлжээ. 

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Жаргалант сумынхан идэвхтэй оролцож байна.

Тухайлбал, өнөөдөр “Ногоон Ховд хот” зөвлөгөөн өрнүүлэх замаар Ховд хотын онцлогт тохирсон мод бутыг үржүүлэх, тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой нэгдсэн ойлголт мэдээлэлтэй боллоо.

Мөн ойн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар санал бодлоо нэгтгэв.

Аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд 2022 онд Буянт голын ай сав дагуу  10 га газарт мод тарих, хотын төвд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 6000 ширхэг гоёлын мод тариалах, Хот тохижуулах газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран 10 мянга гаруй цэцэг тарих гэх мэт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Эдгээр ажлыг эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд онцоллоо.

 

 

Холбоотой мэдээ