Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-29 17:33:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх аймгийн дэд хөтөлбөрийн нээлт боллоо. Уг үйл ажиллагаанд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Ууганбаатар авлигын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Өнгөрсөн оны тухайд аймгийн хэмжээнд авлигын гэмт хэргийн талаар 17 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас зургаан гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан, ёсөн гомдолд хэрэг бүтгэлийн хэрэг нээж, хоёр гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар авлигын гэмт хэргийн талаар 11 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан, тавд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна.

Түүнчлэн 2021 онд тус газар нь 1055 гэмт хэргийн гомдол мэдээлэлд хяналт хийж ажилласны 17 нь дээрх төрлийн гомдол мэдээлэл байсан нь нийт хэргийн 1.6 хувь, 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 475 гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсны 11 буюу 2.3 хувь нь авлига, ашиг сонирхолын гэмт хэрэг эзэлж буй нь тухайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг тодотгож байлаа. 2021 оны дээрх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлсэн ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг агуулгаар нь авч үзвэл доорх хуулиудыг зөрчжээ. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам

Бусдад давуу байдал бий болгосон, хясан боогдуулсан, хээл хахууль авах, өгөх

Санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэх, хуурамч баримт бичиг үйлдэх, хуурамч гэрээ хэлцлээр халхавчлах

Газрын болон ашигт малтмалын талаарх хууль тогтоомж, барилга байгууламж барих ашиглалтад өгөх талаарх хууль, тогтоомж

Албан тушаал, ажил мэргэжил, сургууль зэргийн сонгон шалгаруулах журам, Тусгай зөвшөөрлийн талаарх хууль, тогтоомжийг тус тус зөрчжээ.

2021 оны нийт эрүүгийн таван хэрэгт найман хүнд шүүхээр ял, шийтгэл оногдуулсан бол энэ оны одоогийн байдлаар шүүхээр ял шийтгүүлсэн хүн байхгүй аж. Хоёр жилийн байдлаар долоон иргэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасжээ. Харин торгох шийтгэлээр гурав, тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн гурав, хорих ялаар нэг иргэн шийтгэгдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг албан тушаалын байдлаар нь авч үзэхэд нягтлан бодогч хоёр, сургууль, цэцэрлэгийн ажилтан гурав, алба, хэлтсийн дарга долоо, хуулийн байгууллагын долоон ажилтан холбогджээ.

Аймгийн прокуорын газраас авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дараах байдлаар тодорхойлжээ. Авлига олон шалтгааны улмаас нийгэмд үүсдэг аж. Тухайлбал төр, захиргааны  байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага, ойлгомжгүй хууль дүрэм журам, төрийн аль ч байгууллагын үйл ажиллагааны ил, тод, нээлттэй бус байдал, цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтол болон шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол, нөлөөлөх орон зай их гэх мэтээр нөхцөлийг тодорхойлжээ.

Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, дотоод үйл ажиллагаатай холбоотой шалтгаан, нөхцөлийг авч үзвэл:

Байгууллагын дотоод үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй

Хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо оновчтой бус

Төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт сул

Удирдлагын хууль бус шийдвэр, үүрэг даалгавар

Тендер зарлах, шалгаруулах, дүгнэх, мэдээлэх ажиллагаан дахь хууль бус хандлага

Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул

Хувь хүнээс үүдэлтэй шалтгаан, нөхцөлийг авч үзвэл:

Төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил

Хууль, эрх зүйн мэдлэг сул байдал

Улс төр, бизнесийн хүрээний нөлөөлөлд автах, албаны эрх мэдлээ урвуулах,хэтрүүлэх

Төрийн албаны сөнгон шалгаруулалт, томилгооны дутагдал

Төрийн албан хаагчдын ёс зүйгүй байдал нь үндсэн нөхцөл болдог ажээ. Тиймээс аймгийн прокурорын газраас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр 2022 оны эхний хагас жилд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг судалж холбогдох арга хэмжээг авах, судалгааны үр дүн, иргэд олон нийт, төрийн албан хаагч нараас анхаарах асуудал, эрх зүйн мэдлэг олгох мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээр болжээ.

Түүнчлэн төрийн байгууллага, олон нийтийг оролцуулан “Авлигаас ангид байх арга зам, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөгөөн” зохион байгуулах, орон нутгийн хуулийн хяналтын болон төрийн байгууллагуудтай хамтран хууль сурталчлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн хор уршиг нь нийгмийн давхаргын ялгаа үүсэж, сурах боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, амьдралын хүрэлцээтэй түвшинд амьдрах эрхээ тэр хэмжээгээр алдаж эхлэх бөгөөд ядуурлыг бий болгоно. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого нь хөрөнгө оруулалт руу ордоггүй, тансаг эд хөрөнгө, амьдралын хэв маягт зарцуулагддаг, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ алдагдана, шударга байдал, хууль ёс, тэгш байдал алдагдана, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сааруулах, авлигын илрүүлэх, шийдвэрлэх зардал өснө гэдгийг тодотгож байлаа.

Холбоотой мэдээ