Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын төлөөлөгчийн газар АНУ-д нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-03 09:06:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод нээгдлээ. Төлөөлөгчийн газар нь бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа явуулах, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тус дэм болон ажиллах аж. Мөн бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, төслөө харилцан танилцуулах, хөрөнгө оруулалт татах хэлцэл болон сургалт зохион байгуулах юм. АНУ-д төлөөлөгчийн газраа нээж буйтай холбогдуулан мөн ажил хэрэгч хүмүүст зориулсан мэдээллийн сайт нээжээ.






Бие даасан бүтэц бүхий тус сайт нь Монголын эдийн засаг, бизнесийн орчин, үйл ажиллагааг АНУ -д сурталчлан таниулах, Америкаас Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах, Монголын ААН-үүдтэй холбох,гүүр болж ажиллах,найдвартай албан ёсны эх үүсвэрийн мэдээллээр хангах аж. Мөн АНУ-д бизнес эрхэлж буй монгол бизнесүүдэд бизнесээ эхлэх, өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх урамшуулна хэмээн МҮХАҮТ-ын АНУ дахь төлөөлөгч У.Зоригтбаатар, Х.Талгат нар мэдээллээ. 

Тодруулга: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар энэ оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг бол үүнээс 10 мянга гаруй иргэн Чикаго хотод амьдардаг аж. 

Холбоотой мэдээ