Шилдэг стартап залуусын багт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-06 11:42:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залууст санхүүжилт олгох СТАРТАП-2022 улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны ялагчдыг өчигдөр тодруулав.


Тодруулбал, 1 дүгээр байранд Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая, 2 дугаар байранд Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17, Эдүкэшн зон баг “Боловсролын мэдээллийн аппликэйшн” төслөөр 17 сая, 3 дугаар байранд Апдэйт баг “ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликэйшн” төслөөр 15, Крийд студи баг “Интерактив интерьер” төслөөр 15, Муфин апп баг “Санхүүгийн орлого зарлагын аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт авлаа.


СТАРТАП-2022 улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил хот, хөдөөгийн 460 гаруй залуу 290 стартап баг бүртгүүлсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5 дахин их оролцоо аж.

Эхний шалгаруулалтад тэнцсэн 41 багийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөл бүрдүүлж хамтран ажиллажээ.


Шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ, JCI Монгол байгууллага хамтран зохион байгуулав. Мөн энэ үеэр 2021 оны ялагч санхүүжилтээ хэрхэн зарцуулсан, гарааны бизнесээ яаж хөгжүүлж, өргөжүүлсэн, ямар үр дүнтэй санхүүжилт байсан тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Холбоотой мэдээ