Филиппинд бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-09 10:13:28

МАНИЛА. /Reuters/. Филиппин улсын дараагийн ерөнхийлөгч, 18 мянган төрийн албан тушаалтныг сонгох бүх нийтийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэлжээ.


Өнөө өглөөний 06:00 цагаас орон даяар 37 211 санал авах байр нээгдсэн бөгөөд санал өгөх эрхтэй 65.7 сая сонгогч байна. Санал авах байрууд оройн 19:00 цагаас хаагдана. Бүх нийтийн сонгуулиар мөн дэд ерөнхийлөгч, 12 сенатч, Төлөөлөгчдийн танхимын 300 гаруй гишүүн, орон нутгийн 17 мянга гаруй албан тушаалтныг сонгох ажээ.


Ерөнхийлөгчийн сонгуульд Сенатч асан Фердинанд Ромуальдес Маркос ялах магадлал өндөр байна. Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосын хүү, өдгөө 64 настай тэрбээр Лузон арлын хойд хэсгийн Норте мужийн Илокос хэмээх төрсөн сууриндаа саналаа өгнө.


Түүний гол өрсөлдөгч, одоогийн дэд Ерөнхийлөгч, 57 настай Мариа Леонор Робредогийн хувьд Лузон арлын өмнөд хэсгийн Биколь мужийн Нага хотод саналаа өгөх ажээ. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээр Ф.Маркосын дэмжигчдийн түвшин өрсөлдөгчийнхөөсөө 30 гаруй хувиар өндөр байсан бөгөөд энэ жил явуулсан бүх санал асуулгад тэргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ