Ирэх амралтын өдрүүдэд 8000 мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-05-09 10:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 14-ний өдөр 100 гаруй байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8000 мод тарина. 


Бүх нийтээр мод тарих өдрөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд 2000 гаруй модны суулгац тарьжээ. Иргэд голт бор, улиас зэрэг 10 гаруй нэр төрлийн модноос сонгон тарьсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 973 га талбайд оршдог. Нэгдүгээр ээлжийн 183 га талбайг тохижуулж, одоогоор тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгон, мод тарьж байгаа. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй модны 98.5 хувь нь ургасан аж. Түүнчлэн энэ сарын 20-ны өдрөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 байршлыг зүлэгжүүлэхээр төлөвлөөд байна. 



Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хавар, намрын мод тарих өдрүүдээр 20 мянган суулгац, мод, бутлагийг тарина. Мөн 100 мянган суулгацыг Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн тарихаар төлөвлөсөн. Энэ онд 120 мянган модыг манай байгууллага тарьж ургуулна. Нийслэлд 120 сая мод тарьж, ургуулахаар амласан байгаа.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэг хувийг дангаар бүрдүүлдэг тул мод тарихад манлайлан оролцоно. Тарьсан модоо жилийн 4 улирал арчилж, хамгаалдаг тул ургах баталгаа их” гэв.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас иргэдэд экологийн боловсрол олгоход анхаардаг. Тухайлбал, 8 аймаг, 9 дүүрэг болоод томоохон аж ахуй нэгж байгууллагын 10 мянга гаруй хүнд ногоон байгууламжийн сургалтыг хийжээ. Мөн мод тарьж, арчилж, ургуулах тухай гарын авлага гарган, “Green talk” цуврал видео зэрэг олон хэлбэрээр иргэдэд экологийн боловсрол олгож байна.




Холбоотой мэдээ