Мянган хүүхэд “Хүмүүнлэг зүрх” флашмоб бүжиглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-09 15:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.


Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг 1948 оноос дэлхий даяар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүнлэгийн үзэл санааг дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг.


Засгийн газраас Монголын Хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэрийг 2011 онд гаргаснаас хойш Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залууст хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж байна. Энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар тэмдэглэн, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриаллаа.


Хүмүүнлэгийн өдрийн онцлог нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн брэнд дуу болох “Сахиусан тэнгэр” дуунд Moon dance, Royal dance бүжгийн хамтлаг бүжиг дэглэж, флашмоб бүжгийн чэлленж зарлажээ.



Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн, гишүүд, сайн дурын идэвхтнийг элсүүлэх бүртгэлийн, үйл ажиллагааг дэмжих хүмүүнлэгийн дэлгүүр хандивын асар, иргэдэд зөвлөгөө өгөх эрүүл мэндийн асар, гамшгийн бэлэн байдал, гар угаахын ач холбогдлыг харуулсан “Virtual reality” тоглоомын асар, анхны тусламжийн мэдээлэл өгөх, хүүхэд, залуусыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон өртөөчилсөн үйл ажиллагааг зохион байгууллаа.


“Хүмүүнлэг зүрх” үйл ажиллагаанд бүжгийн хамтлагаас гадна “The Voice of Mongolia” шоуны оролцогчид нэгдэн, нийслэлийн 7 дүүргийн сайн дурын 1000 идэвхтэн цуглаж, Сүхбаатарын талбайд “Сахиусан тэнгэр” флашмоб бүжиг бүжиглэн инээд баясал, баяр хөөр дүүрэн нэг өдрийг өнгөрүүлжээ. 

 

Холбоотой мэдээ