10 жилд тарьсан модоо нэг жилд багтаан тарина

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-05-09 19:06:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал сум Монгол Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том сум гэдгээрээ онцлогтой. Аймгийн нийт 120 гаруй мянган хүн амын 30-аад мянга нь тус суманд амьдардаг. Энэ сумынхан бүгд тариалагч, өрхийн аж ахуй эрхлэгч, мод үржүүлэгч хөдөлмөрч хүмүүс байдаг.  

Тус сумын ЗДТГ-аас тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээгээ саяхан ярьж зөвлөлдөхөөр “Тэрбум мод-Мандал суманд” зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд модны тарьц, суулгац болон үр, бордооны үзэсгэлэн худалдаа гарч, иргэд, ААН-үүд өргөнөөр оролцжээ. Мандал сумын Засаг дарга Б.Ганболд:-“Манай сум энэ ажлын хүрээнд 10 жил тарьсан модоо нэг жилд багтаан тарих үүрэг хүлээлээ. Бид хуулийн хүрээнд тодорхой санхүүжилтүүдийг гаргах хуваарийн дагуу, нийт ус ашигласны төлбөрөө, мөн тодорхой хэмжээний ойн нөөц, байгалийн баялагийг 3 төрлөөр ашигласныхаа 35 хувийг тэрбум мод ажлын хүрээнд зарцуулна. Мандал сум нийтдээ 48400 гаруй га талбайтай.  Үүний 80 хувийг ойн сан эзэлдэг. Иймээс бэлтгэн нийлүүлэлтэд оролцох боломжтой, давуу тал ихтэй” гэлээ.

Зөвлөгөөнд оролцогч иргэд хэрхэн мод тарих талаар хүмүүст мэдээлэл өгч байв. Тухайлбал мод тарьж буй хүмүүс шилмүүст модыг сонгон тарьж байгаа бол ургалт удаан арчилгаа нэлээд шаарддаг. Харин навчит мод бол хамгийн хурдан өөрийн аясаар ургадаг хэмээн зөвлөж байв. Мандал сумын иргэн, хувиараа мод үржүүлэгч иргэн А.Батдэлгэр усан үзэм тарьж ургуулж байга талаараа ярьж байв. Тэрээр усан үзэм бол 5-10 хэмийн дулаантай ил талбайд ургадаг. Өөрийн тарьсан үрээ Говь-Алтай аймаг руу борлуулсан. Тэнд арай дулаан орчинд ургаад жимсээ сайн өгч байгаа гэж ярив. Тус үйл ажиллагаанд тарьц, суулгац бэлтгэдэг 320 гаруй ААН, 27 нөхөрлөл, 300 гаруй иргэн оролцжээ.



Холбоотой мэдээ