Хүнд өвчтөнийг агаараар тээвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бусдын амийг аврах үйлсэд өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь аварсан Монголын Топ донор Д.Бум-Эрдэнэ энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон.
Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн байна. Аймгийн удирдлагууд хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, улсын Онцгой комисст агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэлээ.
Тус аймагт он гарсаар Улаанбаатар хот руу 3 дахь шатлалын эмнэлэгт хүргэгдэх шаардлагатай дөрвөн хүнд өвчтөнийг ар гэрийн болон орон нутгийн санхүүжилтээр агаараар тээвэрлэж, тэдний амийг аварсан байна.