Улсын бүртгэлийн ерөнхий газар дата төвтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар дата төвтэй боллоо.
Дата төвийг нээж УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, “Манай байгууллага КОЙКА-тай 2011 оноос хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлж байна. Санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талын хариуцлагатай хамтын ажиллагаа, уялдаа холбооны дүнд төслийг амжилттай хэрэгжүүлж, системээ албан ёсоор хүлээн авч байна. УБЕГ 330 сум, 172 хороо, 9 дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулж, том хэмжээний цахимжилт, суурь үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр нэгжид тоног төхөөрөмж нийлүүлсэн нь манай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдэд хүргэх, цахимжуулахад дэмжлэг боллоо. Тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна мэргэжлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Ингэснээр тодорхой хугацаанд үр дүнгээ өгөх нь дамжиггүй”-г тэмдэглэв.
КОЙКА-ийн орлогч
дарга Ли Жа Ёон ярихдаа, “Энэ төсөл 21 аймаг, бусад дүүрэг, нэгжид хэрэгжиж байгаа нь Засгийн газрын хэрэгжүүлж
буй “Е-Mongolia” төсөлд хувь нэмрээ оруулж байна. УБЕГ-тай хамтран 2020-2022 онд бүртгэлийн системийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийг хийхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг
нэмэх, боловсон хүчнийг чадавхжуулах, системийг сайжруулах ажлыг хамтран хийлээ. Төсөл амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрлээ” гэлээ.
“Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх
замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл” 9 дүгээр сар хүртэл
хэрэгжинэ.
Дата төвийн нээлтэд ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын
дарга Т.Бат-Өлзий, БНСУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Пак Ин Жон, КОЙКА-ийн
Суурин төлөөлөгч Ким Жун Мү, КОЙКА-ийн Орлогч дарга Ли Жа Ёон, “UplusIT” төслийн менежер
Пак Ги Юун, төслийн багийн ахлагч Со Хөн Соп, “ТИ ЭС ЛАЙН System”-ын
гүйцэтгэх захирал Ан Ин Ёп болон бусад албаны хүмүүс оролцжээ.