Ахмад дайчин Ц.Чимэдцэрэнгийн нэрэмжит танхим байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-11 14:41:46

Дорнод /МОНЦАМЭ/. Халх голын дайнд оролцож явсан ахмад дайчин Ц.Чимэдцэрэнгийн нэрэмжит танхимыг Баяндун сумын ЕБС-д байгууллаа.

1939 онд Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны 16 охин Халх голын дайнд оролцож, эх орныхоо төлөө зүрх, сэтгэлээ зориулж явснаас өдгөө Цэрэнгийн Чимэдцэрэн 98 насыг зооглож, энх тунх аж төрж сууна. Тэрээр эх орноо хамгаалах ариун дайнд мордохдоо 15-хан настай байжээ. Ц.Чимэдцэрэн нарын 16 охин 1939 оны 7-р сард Баянтүмэнгийн цэргийн эмнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажил хийж байснаа дурсаж байлаа.

2019 онд Баяндун суманд дээрх эрэлхэг охидын дурсгалыг мөнхжүүлэх талаар санаачилга гарч, тухайн үед хөшөө босгосон бол өнөөдөр ийнхүү нэрэмжит танхим байгуулав. Эх оронч охидын намтар түүхийг танхимд байрлуулсан байна. Цаашид баяжуулан хөгжүүлнэ гэж сумын удирдлага онцоллоо. 

Холбоотой мэдээ