Чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөг хамтран шинээр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-12 17:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтанбулаг чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар нийт 500 га газраас ААН-үүдэд 130.5 га-г олгожээ. Шинээр олгох боломжтой газар нь 34.6 га, нөөцөд авсан нь 188.4 га газар байна. Ихэнх газрыг 2018-2019 онд олгож, сүүлийн 2 жилд газар олголт буурчээ.


Тус бүсэд чөлөөт бүсийн бэлэн байдлын үнэлгээг хийж буй боловч ТЭЗҮ боловсруулаагүй ирсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг аль 2003 онд хийж байсан. Хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн, мөн Мастер төлөвлөгөөг мөн онд хийж байсан ч батлуулаагүй ирснийг одоо БХБЯ-тай хамтран шинээр боловсруулж байна.


Цагааннуур чөлөөт бүсэд нийт 708.5 га газартай. Энд 9 ААН бүртгэлтэй байгаагаас 4-д нь 101.3 га газар олгоод байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2008 онд хийсэн ч мөн батлуулаагүй, ТЭЗҮ-ийг боловсруулаагүй, урьдчилсан судалгааг хийгээгүй “түүхий” байдалтай байна.


Замын-Үүдийн чөлөөт бүс нийт 900 га газартайгаас 101.9 га-г ААН-үүдэд олгожээ. Тус бүсэд 81 ААН бүртгэлтэй байна. Бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө, ТЭЗҮ зэргийн заримыг нь 2011 онд боловсруулсан боловч одоо батлуулах шатанд байна.


Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд саяхан УИХ-ын тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт мянган га газарт байгуулахаар тогтсон. Тус бүсийн хувьд дэд бүтэц хараахан бэлэн болоогүй, судалгааны шатанд байна. 


Чөлөөт бүсүүдийн байдал өнөөдөр ийм байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган МҮХАҮТ-д өнөөдөр болсон “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт тавьсан “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” илтгэлдээ дурдлаа. Тодруулбал, Алтанбулаг чөлөөт бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусаагүй, Замын-Үүдийн чөлөөт бүсэд үйлдвэрлэлийн хэмжээний усны нөөц хангалтгүй, Цагааннуур чөлөөт бүсэд дэд бүтцээ шийдээгүй байна.


Нийтдээ чөлөөт бүсүүдэд ажиллах хүчний бодлого, хүний нөөц, зах зээлийн багтаамж хангалтгүй, Чөлөөт бүс байгуулах талаарх хэлэлцээрийг хөрш орнуудтай хангалттай түвшинд ойлголцож шийдээгүй зэрэг нийтлэг дутагдалтай зүйл бийг тодотгож байв. Хөшигийн хөндийн чөлөөт бүс дээр өмнөх 3 чөлөөт бүсэд гарсан алдаа, оноог дүгнэн цэгнэж, цаашид зөв явуулах шаардлагатай байгааг хэлж, зөв төлөвлөлттэй эхлүүлэх боломж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тиймээс өнөөдөр чөлөөт бүсүүдийг хөгжүүлж урагшлуулахад:

  • Хөрш орнуудтайгаа хамтдаа Чөлөөт бүс байгуулах талаар харилцан ойлголцон зөвшөөрч уялдуудан зохицуулж тохиролцох, хөрөнгө оруулагчдын саналыг тусгах.
  • Бодлогын тогтвортой байдлыг бий болгох,
  • Төр-хувийн хэвшлийн холимог тогтолцоонд шилжүүлэх,
  • Хөрөнгө оруулалт, удирдлагын тогтолцооны загварыг хөрөнгө оруулагч талтай хамтран хэлэлцэн шийдвэрлэх зэрэг зүйлүүд тулгарч байна.


Хэлэлцүүлгийг хувийн хэвшил талаас зохион байгуулан оролцсон МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин хэлэхдээ, “Төр, засаг 25 жил чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх гэж, менежмент хийх гэж ирлээ. Болж бүтээгүй ирсэн ажлуудаа одоо хувийн хэвшилдээ шилжүүлэн өгч, хувийн хэвшлийнхэн консерциум байгуулаад зохион байгуулья. Үр дүнг үлдэж буй 2 жилд  гаргая, эцсийн дүнд үр дүн чухал хэрэгтэй байна” гэсэн санаачилгыг хэлж байв. Тэрбээр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийг хариуцсан ЭЗХЯ-ыг шинээр байгуулсан нь хувийн хэвшлийнхэнд энэхүү ажил шинэ түвшинд гарах илтгэл үнэмшил, найдвар төрүүлж байна гэв.

Чөлөөт бүстэй холбоотой хууль эрх зүй  нь анх манай улсад 1995 онд Чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаас эхэлж, хамгийн сүүлд өнгөрсөн онд Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн байдалтай байна. 


Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтоос тодруулахад, “Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл өнөөдөр харилцан адилгүй байна. Үүнийг хамтдаа тодорхойлж олон улсын сонгодог загвараар нь хэрэгжих бодит ажлаа хувийн хэвшилтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлье гэдэг талаар хэлэлцлээ. Чөлөөт бүсийг хөгжүүлэх нь дан ганц төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан” гэдгийг хэлж байв. 


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ