"Уралдаанч хүүхдийн эрх ба уяачийн хариуцлага" зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-13 18:27:26
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Прокурорын газар хамтран уралдаанч хүүхдийн эрхийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хамгаалах зорилгоор зөвлөгөөн зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга М.Батжаргал:
Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс, 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг Засгийн газрын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамжаар хориглож байгаа ч уяачид нутаг ус, найз нөхөд, айл хотлоороо нийлж, нууцаар уралдаан зохион байгуулж, хууль дүрмийг үл ойшоон, хүүхдийн эрхийг зөрчсөөр байна.
Сүүлийн хоёр жилд “Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны морины уралдаан зохион байгуулаагүй ч уяачид өвөл, хаврын цагт дур мэдэн хэд хэдэн уралдаан зохион байгуулснаас болж 2021 онд нэг хүүхэд нас барж, нэг хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан. Мөн 2022 оны өвөл морины үсэргээгээр нэг хүүхэд хүнд гэмтэл авсан тохиолдол аймагт гарсан. Тогтсон хууль журмыг зөрчин өвөл, хаврын цагт зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь, эрүүл мэндийг хохироон байж баярлаж цэнгэнэ гэдэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хувьд байж болохгүй асуудал" хэмээн онцоллоо.
Энэхүү зөвлөгөөнөөс уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийнх нь хүрээнд нэгдсэн зөвлөмжийг хэлэлцэн гаргах юм.
Зөвлөгөөнд аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газрын удирдлагууд холбогдох мэдээлэл, илтгэлийг танилцуулсан.
Энэ үеэр даатгалын компаниуд өөрсдийн үйлчилгээг үзүүлж, мэдээлэл өгснөөс гадна уралдаанч хүүхдийн хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн боллоо.
Холбоотой мэдээ