Улиастайд 17500 гаруй мод тарьжээ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-05-15 17:14:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв Улиастай суманд энэ жилийн мод тарих ажлыг эхлүүлээд байна.

Мод тарих ажилд 70 аж ахуйн нэгж байгууллага 17500 гаруй ширхэг, 14 нэр төрлийн модыг өөрийн эзэмшлийн газар болон нийтийн эзэмшлийн 32 га талбайд суулгажээ. Мөн үеэр аймгийн хэмжээнд тарьц суулгац нийлүүлдэг 14 мод үржүүлгийн газар болон 24 суманд тарьцын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал гардуулан өглөө.

Түүнчлэн 24 суманд “Тэрбум мод” тарих хөтөлбөрийн хүрээнд нийт 4300 ширхэг суулгацыг дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Энэ жил аймгийн хэмжээнд улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, агч, шинэс, гацуур гэхчлэн 14 төрлийн модны тарьцыг суулгахаар төлөвлөж буй. Тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн бусад суманд мод тарих ажлууд нэгэн зэрэг эхэлж байна. Мөн манай байгууллагаас мод тарих, суулгац худалдан авах иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих аргачлал, зөвлөгөө өгөх, усалгаа, арчилгааг хэрхэн хийж хамгаалах талаар сургалт явуулж, гарын авлага материалыг тарааж өгч байгаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 








Холбоотой мэдээ