Нийслэлд нүүдэллэн ирсэн “Өрөөсгөл хүр эрвээхэй” эрүүл мэндэд хортой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2016-08-03 18:00:34

Ойрын өдрүүдэд олшроод байгаа цагаан эрвээхэй нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан ийнхүү олноор нүүдэллэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Үүнийг “Өрөөсгөл хүр эрвээхэй” хэмээн нэрлэдэг аж.  Жилийн энэ үед өрөөсгөл хүр нэртэй эрвээхий  бие гүйцэж, нисч эхэлдэг гэнэ. Энэхүү эрвээхэйн нүүдлийг иргэд Сибирийн ой шатсантай холбоотой хэмээн үзэж байгаа бол мэргэжлийн хүмүүс харин үгүйсгэж байна. Булган болон Хөвсгөл аймагт ихээр байгаа энэ хүр эрвээхэй хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх аюултай хэмээн сэрэмжлүүллээ.

Дашрамд дурдахад энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590 мянган га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг  “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоожээ.

                                                                                                                        М.Үүрийнтуяа

Холбоотой мэдээ