Ховд аймагт “Солонгос хэл, соёлын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-17 18:06:18

Ховд /МОНЦАМЭ/. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Сэжун Институт сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн 82 орны 234 салбар бүхий “Сэжун Институт” нь солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж байна.

Улаанбаатар 2 Сэжун Институтын тухайд МУИС-ийн солонгос судлалын тэнхимийг түшиглэн 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Ингэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд залуучууд, өсвөр үеийнхний хэрэгцээ, шаардлагын судалгаанд тулгуурлан тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулж ирсэн.     

Энэ удаа Улаанбаатар хотоос алслагдсан, 1420-оод км зайд орших Ховд аймгийн Ховд их сургууль”-тай хамтын гэрээ байгуулж,  “Солонгос хэл, соёлын хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж эхэллээ.  

Хөтөлбөрийн хүрээнд Ховд их сургуулийн харьяа Лицей ахлах сургуулийн суралцагчдад зориулсан солонгос хэл, соёлын анхан шатны сургалтыг явуулж байна.    

Сургалт ирэх зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөрийн сургалтад солонгос хэл сурах чин хүсэл, сонирхолтой 25 сурагч хамрагдаж байна.  Мэргэжлийн багш нарын зүгээс “солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалт, нийт 63 цагийн хичээлийг тодорхой төлөвлөгөөний дагуу танхим болон цахим хослуулан зааж, сургах бөгөөд хичээлд ашиглах сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр суралцагчдыг хангалаа.    

Хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнд суралцагчид солонгос хэлний зохих түвшний мэдлэг, ярианы ур чадвар эзэмшихээс гадна их, дээд сургуулиудад энэ чиглэлээр дэвшин суралцах боломж өргөжинө гэж албаныхан үзэж байна.  

Холбоотой мэдээ