70 сурагч ухаалаг утасны эзэд болов

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-18 00:39:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “Smart education” төсөл Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Мобиком корпораци, Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл 2021 онд улс орон даяар хэрэгжиж, 1320 хүүхдэд ухаалаг гар утас бэлэглэжээ. Төслийн гол зорилго бол хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлийг бадрааж, технологиор дамжуулан өөрийгөө улам илүү хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн төсөл сурагчдын хувийн амжилт, сурлагын дүн зэрэгт чухал нөлөө үзүүлсэн тухай Мобиком корпорацийн захирал өгүүлж байлаа. Тэдний бодож байснаас илүү сайн үр дүн харуулсан учраас төслийг дахин үргэлжлүүлэн энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулахаар шийджээ. Энэ удаагийн төсөлд Сэлэнгэ аймгийн 27 сургуулийн сурагчдын илгээсэн 790 орчим зураг, эсээнээс 70 хүүхэд шалгаран тэнцжээ. Эдгээр хүүхдүүдэд A02 ухаалаг гар утас, дата болон бусад шаардлагатай хэрэглэгдэхүүний хамт гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд бэлэглэж байгаа энэхүү утас хүүхдүүдийн цаашдын хичээл, өдөр тутмын хэрэгцээнд бодит хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна хэмээн Мобиком корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито хэллээ. Сэлэнгэ аймагт зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Мобиком корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито, Мобиком корпорацийн хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирал Б.Эрдэнэ-Очир, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Үндэсний хөрөнгө бүрдүүлэлтийн захирал Н.Доржпалам, Сэлэнгэ аймаг дахь Орон нутгийн хөтөлбөрийн менежер Ж.Тодгэрэл нар оролцлоо.

“Smart education” төсөл нь энэ жил цар хүрээгээ улам өргөжүүлж, орон даяар 2000 хүүхдийг төсөлдөө хамруулж байгаа аж. Төсөлд хамрагдаж буй хүүхдүүдэд утаснаас гадна “Багшийн туслах” апликейшнийг ашиглах бүтэн нэг жилийн эрхийг бэлэглэж байгаа аж. Сурагчид апликейшнээрээ 6-12 ангийн хичээлүүд, ЭЕШ-д бэлдэх жишиг тестүүд, чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх “Эврика” хөтөлбөр болон “Гадаад хэл”-ний хичээлүүдийг үзэх боломжтой юм.

Мөн энэ хүүхдүүдэд “After school” апликейшний бүтэн жилийн эрхийг хамт бэлэглэж байна. Энэхүү апликейшнээр сурагчид өөрийн хийсэн сайн үйлсийн ажлаа оноо болгон хувиргаад, цуглуулсан оноогоороо “After school” аппликейшний хамтрагч байгууллага, сургалтын төвүүдийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой ажээ. Энэхүү төслөөр дамжуулан сурагчдад зүгээр нэг гар утас бэлэглээд байгаа хэрэг биш. Өөрөөр хэлбэл сурагч та бүхэнд томоохон хариуцлага ирж байна хэмээн мобикомын ах, эгч нар нь дамжуулж байв. Учир нь та бүгд гар утсаа хэрхэн үр дүнтэй ашиглаж, өөрийгөө хөгжүүлэхэд ямар байдлаар ашиглаж байгаагаас шалтгаалан бидний төсөл цааш үргэлжлэх эсэх нь хамаардаг юм шүү хэмээн Мобиком корпорацийн Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирал Южи Ито хэллээ.

Ингээд гар утас авсан зарим хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцъя. 

Сүхбаатар сумын 4-р сургуулийн 7в ангийн сурагч М.Мөнхболор: ”Би айлын ууган охин. Аав, ээж, дүү нартайгаа 7-уулаа амьдардаг. Иймээс манай аав, ээж надад ухаалаг утас авч өгөх боломж байхгүй. Би дүү нартаа үлгэрлэж, зөв амьдрах ёстой. Иймд би энэ уралдаанд амжилттай оролцож, гар утас авсандаа баяртай байна гэсэн юм.

Жавхлант сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч З.Номин-Эрдэнэ: ”Би “Ухаалаг утсаар урамтай суралцъя” гэсэн эсээ бичиж оролцсон. Би эсээдээ хүмүүс сүүлийн үед буруу хэрэглэж байгааг засаж сайжруулах талаар бичсэн. Би ирээдүйд багш болох хүсэлтэй. Одоо би утсаа хичээлдээ хэрэглэнэ” гэв.      

Мобиком корпорацийн хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирал Б.Эрдэнэ-Очир: ”Ковид цар тахлын улмаас хүүхдүүд цахимд шилжин хичээллэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хичээлийн хоцрогдол, дүнгийн сулрал ажиглагдаж эхэлсэн. Энэ нь дан ганц Улаанбаатарт төдийгүй орон нутагт ч адил байсан. Ингээд цар тахлын хүрээнд сургуулийн боловсролын хүртээмжийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнийг мобикомын ах, эгч нар нар нь дэлхийн зөнгийнхөн хамтраад илүү асуудлыг ул суурьтай, хамтран шийдэх зорилгоор энэ төслийг эхлүүлсэн.

Төслийн эхний шатанд 1320 хүүхдэд энэ ухаалаг утсыг боловсролын тэгш оролцоог хангах үүднээс улсын хэмжээнд 9 дүүрэг, 21 аймагтаа өгсөн. Ингээд энэ 2022 онд төслийн 2 дахь шатанд нийтдээ 2000 хүүхдэд тарааж өгөхөөр үргэлжлүүлээд ажиллаж байна. 2021 оны үр дүн гэх юм бол сурагчийн голлох дүн байгаа. Энд математик, монгол хэлний хичээлийн дүн өмнөх жилээсээ 3-5 оноогоор сайжирч гарч ирж байна. Энэ бол нийт дунджаар шүү дээ. Мөн энэ төслийн маань шалгуур үзүүлэлт гэж байгаа. Хэдийгээр зорилтот бүлэг гэж үзэж байгаа ч хүүхдүүдийн оролцоог их чухалчилж үзсэн. Өөрсдөөр нь өөрийнх нь байгаа бодит байдлыг илэрхийлсэн эсээ бичүүлээд, мөн зургаар илэрхийлсэн бүтээлүүдээр шалгаруулсан. Ингэхээр хүүхдүүдэд зүгээр нэг тэтгэмж авч байгаа гэсэн мэдрэмж төрөхгүйгээр, тодорхой хэмжээгээр уралдаж, үүнийхээ шагналд нь би бэлэг авч, өөрийнхөө оролцоог хангаж байна гэсэн сэтгэгдлийг өөрт нь үлдээж байгаа юм. Энд оролцсон хүүхдүүд өөртөө хамаагүй итгэлтэй, хамаагүй сайжирч гарч ирж байна. Өөртөө итгэлтэй, хөдөлмөрөө үнэлүүлж байна гэсэн бодолтой гарч ирж байгаа нь бидний ажлын давуу тал. Сэлэнгэ аймгаас өнгөрсөн жил 40 хүүхэд шалгаруулж байсан. Энэ жил 70 хүүхэд болж өссөн. Сэлэнгэ аймагт байгаа хүүхэд, багачууд ирээдүй рүүгээ тэмүүлсэн байдал, өөрийгөө илэрхийлэх оролцоо хамаагүй илүү харагдаж байна. Яагаад гэвэл нийт 27 сургуулийн 790 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлсэн. Тэр дундаас 70 хүүхэд гэж бодоход нэлээд өрсөлдөөнтэй шалгуураар шалгарч гарсан арга хэмжээ юм. Тухайн үеийн нийгмийн байдал, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, ирээдүй рүү чиглэсэн төслүүдийг манай байгууллагаас хэрэгжүүлсээр байх болно” хэмээн ярилаа.

 

Холбоотой мэдээ