Монгол Улсыг 6 бүсэд хуваан хөгжүүлнэ

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-18 08:37:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд “Бүсчилсэн хөгжил” гэсэн тусгай бүлэг орсон байдаг. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яамнаас Бүсчилсэн хөгжлийн шинэчилсэн  үзэл баримтлалд тусгах аймгуудын саналыг авч байгаа бөгөөд Орхон аймаг энэ сарын 21-нд саналаа танилцуулах юм.

Монгол Улс “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд, “Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хуулийг 2003 онд, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 2007 онд УИХ-аар баталсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа 2020 онд дуусгавар болсон учир шинээр боловсруулах шаардлага үүссэн байна. Иймд аймгуудаас саналыг нь авч байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын баг бүсчилсэн хөгжлөөр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаачидтай уулзаж,  иргэдийн саналыг сонсож байна.

“Бүсчилсэн хөгжил” гэсэн эхний үзэл баримтлалд улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэж босоо тэнхлэгээр дөрөв хувааж, Улаанбаатарыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэхээр тусгасан байдаг. Тэгвэл шинээр:

  • Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүсэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан;​​​​​
  • Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүсэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод;  
  • Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтологийн аялал жуулчлалын бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь;
  • Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай;
  • Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, Алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүсэд  Ховд, Баян-Өлгий, Увс;
  • Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүсэд Улаанбаатар гэсэн зургаан бүсэд хувааж хөгжүүлэхээр зорьж байгаа ажээ. 
Холбоотой мэдээ